Японы Токио хотын “Тама” амьтны хүрээлэнд өнгөрсөн зургадугаар сарын 19-нд монгол тахь унагалсан байна. Токио хотын захиргаа болон тус амьтны хүрээлэнгийнхэн хэлэлцээд унаганд Ирмүүн” гэдэг нэр өгчээ. Японд анх удаа монгол тахийн унага төрсөн энэхүү үйл явдлыг “Тама” амьтны хүрээлэнгийн зүгээс тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзэж, ёслолын арга хэмжээг ирэх аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй гэнэ.
Монгол тахь Японд ирсэн түүхийг сөхвөл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд тус улсад айлчлах үеэрээ Токио хотын “Тама” амьтны хүрээлэнд зочилж, тэндхийн тахийн тоо толгойг өсгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Ингээд 2012 онд манай Ерөнхийлөгчийн Тамгын газар, Токио хотын захиргаатай санамж бичиг байгуулж, дараа жил нь Швейцарийн Цюррих хотын амьтны хүрээлэнгээс гурван монгол тахийг “Тама” амьтны хүрээлэнд авчирч нутагшуулсан байна. Үүнээс хойш хоёр жилийн дараа анхны унага төрсөн нь энэ аж.