Сүлжмэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Японы “Шима Сейки” компанийн төлөөлөл уржигдар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзжээ. Тус компанийн ерөнхий менежерийн орлогч Масанахо Такиючи тэргүүтэй төлөөлөгчид Монголд ажиллаж буй бөгөөд тэд ерөнхий захирал Шимагийнхаа даалгасны дагуу Хөдөлмөрийн сайдтай уулзах хүсэлт гаргасан аж. Алдарт “Шима Сейки” компанийн ерөнхий захирал Шима монголчуудтай хамтарч ажиллаад удаж буй бөгөөд 2008 оноос манайд төлөөлөгчийн газраа нээн, Монголын сүлжмэлийн үйлдвэрлэлийн салбарын тоног төхөөрөмжийн 80 хувийг нийлүүлдэг болжээ. Улмаар өөрийн тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудалд ч анхаарч, үе шаттай сургалтуудыг Монголд явуулж байна.
Энэ удаа тэдний төлөөлөгчид ямар ч оёдолгүй сүлжмэл цамц хийдэг шинэ машин зохион бүтээснээ Монголын компаниудад танилцуулах, хамтарсан сургалтын бааз байгуулах, мэргэжилтэн солилцох асуудлыг харилцан тохирохоор ирсэн гэнэ.
Уулзалтын явцад хоёр тал өмнө нь тогтоосон уламжлалт харилцааг улам баяжуулан үр дүнтэй үргэлжлүүлэхээр тохирч, Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежтой “Шима Сейки” компани хамтран ажиллах санамж бичиг үзэглэхээр болжээ. Ингэснээр тус компани Монголд мэргэжилтэй чадварлаг ажилчин бэлтгэх үйл явцад оролцож, багш, сурагчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхэд туслахын зэрэгцээ техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд ч зохих хэмжээгээр хувь нэмрээ оруулах юм.