Өмнөд Солонгосын Чэжү хотын Үндэсний үйлдвэрлэл хариуцсан захирал Пак Сүн Ен, “Халла” их сургуулийн доктор Ён Жү нар өчигдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийнхэнтэй уулзав. Энэхүү уулзалтын хүрээнд улаанбаатарчууд хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр Чэжү хотын захиргаатай хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. Чэжү хотын төлөөлөгчдийн зүгээс уламжлалт хоол хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр харилцан туршлага солилцож, нэгдсэн сургалт зохион байгуулах, мөн хүнсний үйлдвэрлэлийн техник технологийн тал дээр хамтарч ажиллах санал тавьсныг манай хотын захиргааныхан дэмжжээ. Түүнчлэн талууд хүнс, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр ажилладаг байгууллагуудыг чадваржуулахад анхаарч, хүнсний аюулгүй байдал, эрүүл зөв хэрэглээг хэвшүүлэх талаар хамтран ажиллах боломжтой гэж тохирсон аж.