Монгол Улсын хилчид хил манах хариуцлагатай ажлаас гадна гарын дүйтэй, хөдөлмөрч, авьяаслаг хүмүүс гэдгээ Тусгаар тогтнолын талбайд дэлгэсэн үзэсгэлэнгээрээ харуулж байна. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг тэд хийж чаддаг бололтой.
Гараар урласан бэлэг дурсгал, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, өөрсдийн арчилж ургуулсан хүнсний ногоо гээд энд байхгүй юм алга. Аймаг бүрийн хил хамгаалах албаныхан бүгд нутаг нутгийн онцлогоо харуулсан брэнд бүтээгдэхүүнтэй аж.
Үндэсний дээл, гутал, 46 кг жинтэй аварга том хулуу, жимстэй ааруул, шарсан бүтэн торой гээд нүд хужирлах зүйл энд олон байв. Үзэсгэлэн, худалдааг сонирхож ирсэн иргэд ч “Эднийг тэгээд та нар хийсэн юм уу” гэж итгэж ядан асууж байсан. Энд худалдаж буй бүтээгдэхүүний үнэд ямар нэг татвар, ашиг шингээгээгүй тул аль ч худалдааны төвөөс хямд үнэтэй байгааг иргэд онцоллоо.
Өмнөговь аймгийн Хил хамгаалах 0131 дүгээр ангийн Хүнсний албаны дарга, ахлах дэслэгч Э.Сүхбаатар “Манай 0131 дүгээр ангийн албан хаагчдаас гадна ахмад хилчид, эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран хийж, бүтээсэн 30 гаруй төрлийн бүтээлээр үзэсгэлэнд оролцож байна. Бид ингэний хоормог, олон нэр төрлийн эмийн ургамал авчирсан. Мөн өөрсдөө сийлбэр, уран зураг, тэмээний тохош урласан. Энэ бол манай ангийн брэнд” гэж ярив.
“Хилчдийн бүтээл 2015” үзэсгэлэнд Замын-Үүд дэх Хил хамгаалах 108 дугаар анги 42 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гар урлалын 40 орчим бүтээлээр оролцож байна. Тэдний онцлох бүтээгдэхүүн нь даршилсан хөмүүл, бөднө шувууны өндөг. 108 дугаар ангийн хамт олон галуу, тахиа, цацагт хяруул, бөднө шувуу үржүүлдэг юм байна. Одоо 300 орчим бөднөтэй гэнэ.
Тэд брэнд бүтээгдэхүүнээ иргэдэд амтлуулж, ач тусыг нь тайлбарлаж байв. “Японы эрдэмтэд Дэлхийн II дугаар дайны дараа дайнд нэрвэгдсэн ард түмнээ эмчлэхийн тулд олон төрлийн амьтан, ургамал судалж үзсэн байна. Ингээд бөднө шувууны өндөг маш олон төрлийн амин дэмтэй, кальцийн өндөр агууламжтай, биеэс бүх төрлийн хор гадагшлуулах онцгой чанартай болохыг тогтоосон байдаг. Бөднө шувууны өндөг бол яах аргагүй манай ангийн брэнд” гэж 108 дугаар ангийн захирагчийн орлогч, хангалтын дарга, дэд хурандаа Д.Батжаргал ярив.
Энэ ангийн асрын дэргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрлах Буянт-Ухаа боомтын 0218 дугаар анги өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргажээ. Тэнд олны анхаарал татсан нэг зүйл байв. Энэ бол хонины шагайн чинээ том гүзээлзгэнэ. Тус ангийн сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны ахлах ажилтан, хошууч Б.Алтантуяа “Бид долоон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гар урлалын дөрвөн төрлийн бүтээлээр энэ үзэсгэлэнд оролцож байна.
Энэ жил Төв аймагт солонгос сортын гүзээлзгэнийг өөрсдөө тарьж, ургуулсан юм. Гүзээлгэнэ бол манай ангийн брэнд. Мэдээж эх орны минь үржил шимтэй хөрсөнд, ямар ч химийн бордоо хэрэглэлгүй тарьж ургуулсан болохоор эрүүл, амтны хувьд ярих юмгүй.
Манай эмэгтэй албан хаагчдын урласан хатгамал, арьсан урлалын бүтээлүүд, мөн төмөр өлгүүр иргэдийн сонирхлыг их татаж байна. Арьсаар хийсэн, хил хамгаалах байгууллагын логотой үнэмлэхний гэрийг олон хүн худалдаж авч байна” гэж ярив.
“Хилчдийн бүтээл 2015” үзэсгэлэн, худалдаа өнөөдөр 19.00 цаг хүртэл Тусгаар тогтнолын талбайд гарна.
Х.АЗЖАРГАЛ