УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Уралын Турбины үйлдвэр 1938 оны аравдугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд 2000 гаруй ажилтантай. Дэлхийн 26 оронтой хамтран ажилладагийн нэг нь Монгол Улс юм. Уралын Турбины үйлдвэр нь олон жилийн эдэлгээ даах чанар, стандарт бүхий олон төрлийн турбин түүний эд ангийг үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлсээр иржээ.
Монгол Улсын хувьд “ТЭЦ-4” ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хамтарсан төслийг Уралын Турбины үйлдвэртэй хамтран хэрэгжүүлж энэ оны гуравдугаар сард амжилттай буюу хугацаанаасаа өмнө дуусгасан байна. Улаанбаатар хотын “ТЭЦ-4” ДЦС нь Уралын Турбины үйлдвэртэй хамтран ажилласнаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил хийгдэж, хүчин чадлын цахилгаанаар 120 МВт, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөсөн байна. “ТЭЦ-4” ДЦС нь Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дангаараа хангах боломж бүрдэх юм.
УИХ-ын дарга Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ, Хот суурин газар дахь хүн амын өсөлт, барилга байгууламжийн тоо нэмэгдэхийн хирээр эрчим хүчний хэрэглээ мөн өсөн нэмэгдэж байна. Турбин бол цахилгаан станцын хамгийн чухал эд анги буюу зүрх нь байдаг. Энэхүү үйлдвэрээс өмнө нь нийлүүлж байсан турбин сүүлийн 30 жилийн турш эвдрэлгүй ажиллаж ирсэн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын “ТЭЦ-4” ДЦС 120 МВт хүчин чадлын цахилгаанаар өргөтгөл хийгдсэн. Манайх шиг өсөн нэмэгдэж цахилгааны хэрэглээтэй улсын хувьд үйлдвэрүүдийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж буй нь их чухал хэмээн хэллээ.