БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Квон Сүнгёнь тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Онцгой байдлын газарт зочилж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт талуудын дарга нар гарын үсэг зуржээ. Уг санамж бичигт хоёр байгууллага нь албан хаагчдыг гамшгийн голомтод ажиллуулж, бодит туршлага солилцуулах замаар тэдний ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ гамшгаас урьдчилан сэргийлэх менежмент, тогтолцоотой холбоотой мэдлэг мэдээллээр харилцан нэгнээ хангах талаар хамтран ажиллана гэжээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрынхан гамшгийн аюулаас авран хамгаалах, гал түймэр унтраах чиглэлээр туршлага солилцох сургалтад 200 гаруй аврагч гал сөнөөгчийг БНСУ-д явуулж, дадлагажуулсан байна. Энэхүү уулзалтын үеэр Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Квон Сүнгёнь БНСУ-ын Галын холбооноос НОБГ-т аврах ажиллагааны түргэн тусламжийн дөрвөн автомашин олгосныг гардуулан өгсөн байна.