Улсын гуравдугаар төв эмнэлгийн Лаборторийн нэгдсэн тасагт Францын “Биомерьюкс” компанийн албан ёсны төлөөлөгч “Гялс” анагаах ухааны төвөөс иммунологийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат “Vidas” анализатор аппарат суурилуулж өглөө. Уг аппарат нь нийт 101 нэр төрлийн иммунологийн шинжилгээг (хавдрын маркерууд, дааврууд, В, С вирус болон өөр олон төрлийн вирусийн маркер, харшил, зүрхний шигдээс ба үжлийн маркерууд гэх мэт) нэгэн зэрэг 32 сорьцонд, 20-60 минутад багтаан шинжлэх хүчин чадалтай аж.
Тус эмнэлгийнхэн ийм аппараттай болсноор яаралтай тусламж, эрчимт эмчилгээнийх нь оношилгоо, эмчилгээнд нэг дэвшил гарч, зүрхний шигдээс болон үжлийн маркер болох прокальцитонин, хавдар, бамбай булчирхайн гормон, зарим эмийг богино хугацаанд шинжлэх боломж нээгджээ. Дээрх анализатор аппаратын өмнөх загвар болох бага оврын “Mini vidas”-ыг тус эмнэлгийн Оношилгооны төвийн чадавхийг сайжруулах зорилгоор 2007 онд анх суурилуулсан бөгөөд түүгээр өнгөрсөн найман жилийн хугацаанд 175.000 хүнд 326.880 удаа лабораторийн оношилгоо, шинжилгээ хийжээ.