НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар 11.746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, нийт 234.9 сая төгрөгийн орлого хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсныг ШӨХТГ тогтоосон байдаг. Тиймээс тэд “Шударга төрийн төлөө” болон Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоотойтой хамтран, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах ажлыг зохион байгуулж байгаа. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар сарын 26-ны 98 дугаар тогтоолоор баталсан Зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар гаргасан ШӨХТГ-ын нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-нд хэлэлцэж, уг журмыг илт хууль бусад тооцсон байна.