ШӨХТГ Монгол Улсад импортолж буй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошго зэрэг нь дотоодын хууль тогтоомжид нийцэж байгаа, эсэхийг шалгажээ. “Цайны ертөнц” ХХК-ийн худалдаж буй “Найман тахилт”, “Таван богд интернэйшнл”-ийн “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аягат”, “Стимо”-гийн “Гүрж ногоон цай”, “Миний” сүлжээ дэлгүүрээр худалдалж буй “Бөмбөөлэй”, “Бамаш” ХХК, “Тэмүүлэн маш”-ийн цагаан будааны шошгод үйлдвэрлэсэн улсыг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн хаяг бичигдээгүй байжээ. Энэ нь MNS:CAC 1:2007 Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлагыг хангахгүй, улмаар хэрэглэгчдийг төөрөгдүүлж, байгаа нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тус тус зөрчсөн тул зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж байгаа аж.