Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт тарваган тахлаар хүн өөд болжээ. 44 настай, эрэгтэй Б өндөр халуурч, түргэн тусламж дуудан, энэ сарын 25-нд эмнэлэгт хэвтэн анхан шатны тусламж авсан ч удалгүй нас барсан гэнэ.
Уг хүн Улаанбаатар хотоос Хөвсгөлд очиж, цахилгаан барааны наймаа хийж явахдаа Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутаг дахь “Жаргалант” хоолны газарт энэ сарын 20-нд хооллохдоо “Биед сайн хэмээн тарваганы түүхий элэг залгисан аж. Үүний уршгаар тахлын халдвар авчээ. Ингээд дөрөв хоногийн дараа 39 хэм хүртэл өндөр халуурч, нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн аж.
Талийгаачийн цуснаас дээж авч, аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн аж. ЗӨСҮТ 27-нд давтан шинжилгээ хийж Б-г тарваган тахлаар нас барсан болохыг баталсан байна.
Түүнд анхан шатны тусламж үзүүлсэн, эрүүл мэндийн байгууллагын ажилчид, хамт явсан дөрвөн хүн зэрэг нэгдүгээр хавьтлын нийт 26 хүнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлаад буй аж. Гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан, тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж эхэлжээ.
Тахлаар хүн нас барсныг сонссон иргэд худалдан авсан тарвагаа ил задгай газарт нууцаар хаях, шинжилгээ хийлгэхээр дугаарлах зэргээр аймгийн Зооноз өвчин судлалын төвийн ачааллыг ихэсгэжээ.
Х.АЗ, Х.ЭРХЭМ