Нарны зам, XIX хороолол, Зайсан орчмын замын хөдөлгөөний ачаалал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг албаныхан хэлдэг. Тэгвэл энэ хавийн замын хөдөлгөөний ачааллыг 30 орчим хувиар бууруулах бүтээн байгуулалт ашиглалтад орлоо.
Тодруулбал, Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас урагшаа Дунд гол дээгүүр, төмөр замын ардах хэсгийг XIX хорооллын арын замтай холбосон гүүрэн болон нүхэн гарц ашиглалтад орсон байна. Долоон метр өргөнтэй уг нүхэн гарцаар 2.2 метрээс дээшгүй өндөртэй тээврийн хэрэгсэл зорчих бол баруун тийш салсан гүүрээр 3.5 метрээс өндөргүй тээврийн хэрэгсэл явах юм.
Нүхэн гарцыг өнгөрсөн ням гаригт нээж, хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг судалжээ. Ийнхүү XIX хорооллын арын замыг шууд Нарны замтай холбосон гарц хийсэн нь Энхтайваны гүүр, Нарны гүүр, Замын цагдаагийн газрын урд талын уулзварын ачааллыг тооцоолсны дагуу бууруулж байгааг гүйцэтгэгч “Оч наран” ХХК-ийн менежер Н.Алтанцэцэг хэллээ.
Удахгүй уг нүхэн гарцаар уруудаж, баруун гар тийш эргэн 10 метр жижиг гүүрээр “Нарны хороолол” хүртэл зорчих боломж бүрдүүлэх гэнэ. Тус гүүрийн асфальтан хучилтыг энэ долоо хоногт хийж, аравдугаар сарын 1-нд нээхээр төлөвлөжээ.
Г.БАЯРЦЭЦЭГ