Ойрын өдрүүдэд огцом сэрүүссэн болоод ч тэр үү бага насны хүүхдүүд амьсгалын замын халдварт өвчин тусах нь ихэссэн байна. Ялангуяа 0-4 насны хүүхэд илүү өртөж буй. Өндөр халуурах, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа аж. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн үзлэгийн өрөө болон тасаг ачаалалтай байсан юм.
Тус төвийн хүүхдийн II тасгийн эрхлэгч Б.Болормаа “Есдүгээр сарын 15-наас эмнэлэгт хандах хүн эрс олширлоо. Тус ханиад нь рото болон риновирусээс үүссэн шинжтэй байгаа. Цагаан өнгийн шингэнээр гүйлгэх, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрч буй. Эцэг эхчүүдэд зөвлөхөд, хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрвэл дулаан хувцаслаж, халуун бүлээн хоол өгөн, шингэн сайн уулгах хэрэгтэй.
Манайхан хүүхдээ халуурмагц дур мэдэн антибиотикийн төрлийн эм уулгадаг нь буруу. Вирусийн гаралтай ханиаданд антибиотик хэрэглэвэл хүүхдийнхээ ходоод, гэдэсний үйл ажиллагааг хямрааж, дархлааг нь сулруулах аюултай. Үүний оронд өрхийн эмчдээ хандаж, хэрхэн эмчлэх заавар зөвлөмж авах ёстой” гэв.
Түүнчлэн ДЭМБ-аас хүүхдийг 38.5 хэм хүртэл халуурвал эмгүй буюу хүйтэн жин тавих, халуун бүлээн усанд оруулах, орчны температурын хэмжээг тохируулах зэрэг арга хэмжээ авах зөвлөмж гаргажээ. Мөн хүүхдэд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл чихэр, давсны уусмал буюу хорсоолыг бага багаар халуун, бүлээнээр нь уулгах хэрэгтэй аж.

“Үзлэгийн 80-90 хувийг амьсгалын замын халдвартай өвчтөн эзэлж байна. Өдөрт 150- 200 дуудлага ирж, амбулаториор 40-50, заримдаа 60 хүртэлх хүүхдэд үзлэг хийж байна. Хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрвэл цэцэрлэгээс тусгаарлаж, гэрээр эмчлэх шаардлагатай. Ингэж хурдан хугацаанд эдгээхгүй бол хүндэрч, эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй” хэмээн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Б.Оюунбаяр сануулав.
Тус төвийн тавдугаар давхарт байрлах Хүүхдийн тасагт нийт 54 хүүхэд эмчлүүлж байгаагаас тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байв. Энд хэвтэгсдийн олонхийг ханиад нь хүндэрсэн хүүхэд эзэлж байсан юм. Эмчлүүлж буй Хулан охины ээж Ц.Цолмон “Охин минь цэцэрлэгт явдаг, ой есөн сартай. Дөрөв, таван өдрийн өмнө нус нь гоожиж эхэлсэн.
Хүүхдийн түргэн дуудан үзүүлж, эм бичүүлэн авч уулгасан боловч нэмэр болоогүй. Тэгээд ЭХЭМҮТ-д үзүүлж хатгаа туссаныг мэдээд эмнэлэгт хэвтсэн. Одоо хоёр хонож байна, бие нь дээрдэж байгаа” гэв.
Өнгөрсөн долоо хоногт НЭМГ болон ХӨСҮТ-өөс сургууль, цэцэрлэгүүдэд томуу, томуу төст өвчин болон халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Э.НАМУУН