Фэйсбүүк хуудаст “Chingis Unurtuvshin” нэрээр охид бүсгүйчүүдийг мэхэлж, хүчирхийлсэн гэсэн мэдээлэл цацагдсаныг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлжээ.
Фэйсбүүкт нэгэн эмэгтэйн захидал цацагдсан бөгөөд түүнд “…Монголын бүх топ моделийг амжилтад хүргэсэн гэх ярианд итгэж саналыг нь хүлээн авсан юм. Зураг чинь гоё гарвал сэтгүүлд тавина гэх яриагаар намайг итгүүлж чадсан. Эхлээд хувцастайгаа зураг авахуулж байсан. “Миний дүү жаахан нимгэл” гэж дээгүүрх цамцыг минь тайлуулж, эцэст нь бүх хувцсаа тайлахыг шаардсан.
“Уучлаарай, би тэгмээргүй байна” гэхэд, “Яаж чи модель болох гэж байгаа юм бэ? гэж хэлээд загнаж, нүцгэн зургийг минь хүчээр авсан. Хувцсаа өмсөх гэтэл, жижиг буйдан руу чирч, 17-хон настай намайг хүчирхийлсэн…” хэмээн бичсэнийг цагдаагийнхан шалгаж буй гэнэ.
Түүний ийм үйлдлийн улмаас хохирсон гэх 2-3 хүн өдгөө хохирогчоор тогтоогдоод байгаа бөгөөд энэ мэтээр хууртан, дээрх хаягтай хүнд мэхлүүлсэн хүмүүс байвал цагдаагийн байгууллагад хандахыг ЦЕГ-аас хүслээ.
Дээрх хаягтай хүн нь Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоог удирдаж байгаад ажлаа хэл амтайхан өгсөн, өдгөө тус холбоотой ямар ч холбоо хамааралгүй нэгэн аж.
Бидэнд олдсон мэдээллээр дээрх хаягтай хүн нь нэг хэсэг шорон оронгоор явж байсан, Улсын дээд шүүхийн тамгыг хүртэл хуурамчаар үйлдэж, өөрийгөө суллаж чадсан Чойроогийн Дүгэрээ агсны хүү нь гэх сурагтай.
Г.РАВЖАА