Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахмадуудын төлөөлөл оролцов. Шагнал гардуулах ёслолын дараа тус ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал үйлдэн хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Дашрамд дурдахад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар анги баатарлаг гавьяа, бахархам үйлс бүтээн 1981 онд Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулж байжээ. Тэр цагаас хойш нийт 27200 удаагийн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 9600 эрдэнэт хүний амь нас, төр аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 794 тэрбум 920 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна.