Эрдэмтдийн хийсэн саяхны судалгаа үлгэрийг ээжүүдээс илүүтэй аавуудаар уншуулбал эерэг нөлөө ихтэй болохыг баталжээ.
Харвардын их сургуулийн судалгааны багийн эрдэмтэд бага насны хүүхэдтэй тодорхой тооны гэр бүлийг оролцуулж, бүтэн жилийн турш ажиглалт, асуулга хэлбэрээр судалгаагаа хийсэн байна.
Үр дүнд нь аавуудаараа үлгэр яриулж, уншуулдаг багачууд хэлний баялаг сайтай, төсөөлөн бодох чадвар ч илүү хөгждөг болохыг тогтоожээ.
Судалгааныхаа талаар ахлагч Элизабет Дурсма “Судалгааны үр дүн биднийг гайхашруулсан. Аавууд хүүхдэдээ үлгэр уншиж өгөх нь тэднийг илүү хөгжүүлдэг аж. Учир нь ээжүүд үлгэр уншиж өгөх явцдаа тун энгийн асуулт асуудаг. “Энэ зурагт хэдэн алим байна вэ” гэх мэтчилэн асуудаг бол эрчүүд илүү төвөгтэй асуулт асуудаг. Жишээлбэл үлгэрт шатны талаар гарвал “Энэ шат байна. Миний машинд байсан шатыг санаж байна уу” хэмээн асууж эхэлдэг. Ингэснээр хүүхэд илүү сэтгэхүйн хувьд хөгжих төдийгүй ярианы чадвар илт сайжирч, үгийн баялаг нэмэгддэг” хэмээн тайлбарлажээ.