Төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн ч азгүй хувь тавилан хэмээн сөхрөлгүй, амжилтад хүрч, хэвлүүлсэн ном нь зургаан сая гаруй хувь борлогдсон Ототакэ Хиротадагийн “Амьдрал ямар сайхан гээч...” номын нээлт Монголд болох гэж байна.
Аравдугаар сарын 1-нд болох номынхоо нээлтийг тохиолдуулан Японы зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн, багш Ототакэ Хиротада “Амьдрал ямар сайхан гээч...” сэдэвтэй илтгэл үнэ төлбөргүй тавихаар болжээ.
“Аз хур” дэлгүүрийн урилгаар ирж буй зохиолчийн лекц нөгөөд Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагт эхэлнэ.
“Эрүүл саруул мөртлөө харанхуй, түгжигдмэл амьдрах нэгэн байхад бодоод үз л дээ, гаргүй хөлгүй ч өдөр бүр жаргалтай амьдарч байгаа нэгэн ч бий. Тиймээс би хөгжлийн бэрхшээлтэй ч өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлж байна хэмээн хашгирмаар байна” хэмээн өнөөдрийн үл ялих бэрхшээлд сөгдөж буй хүмүүст урам зориг, итгэл тэмүүлэл хайрладаг зохиолчийн лекцэнд суухыг хүсвэл урилгаа “Аз хур” дэлгүүрээс аваарай.