УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр буюу энэ сарын 29-ний өдөр Хэнтий аймагт ажилласан бөгөөд түүнийг Хэнтий аймагт хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн Чингисийн талбайд хүндэт харуул угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд аймгийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагуудтай уулзалт хийж, орон нутгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл авсан юм.
Мөн тэрээр Хэнтий аймгийн төвд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэв. Энэ үеэр Хэрлэн сумын нэгдүгээр багийн хөгжлийн төв, дөрөвдүгээр цэцэрлэг, 338 айлын "Хэрлэн" орон сууцны цогцолбор хороолол нээлтээ хийлээ. Түүнчлэн Хэрлэн багийн төвд Өрхийн эмнэлэг, цагдаа, багийн Засаг дарга байрлаж төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.
Мөн Улсын Их Хурлын дарга Чингис хотод хийгдэж байгаа "Шинэ Өндөрхаан" хороолол, Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Хан хэнтий чуулгын барилгын ажлын явц байдалтай танилцав. Түүнчлэн Чингис хотын төв талбайд бүтээсэн Их Монгол улсын цадигийг бичилцэхэд үр хүүхэд, төр улсдаа хүндтэй гавьяа байгуулсан Монгол төрийн авралт эх - Өэлүн эхийн дурсгалын хөшөөний нээлтийн ёслолд оролцсон юм.