Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хотын албан татварын хувь хэмжээг хэлэлцэн баталлаа. Журмын төслийг танилцуулсан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталж, энэхүү татвараас бүрдүүлсэн орлогыг юунд зарцуулахыг тусгайлан заасан.
Тодруулбал, нийслэл хотын албан татварын орлогоор нийслэлд олон улсын чанартай үзэсгэлэн, наадам зохион байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дэд бүтцийг сайжруулахад зарцуулна гэж тусгасан. Бид замын сангийн хөрөнгийг зам барих, шинэчлэх засах ажилд зарцуулдаг бол хотын албан татварыг дэд бүтэц болон аялал жуучлалыг хөгжүүлэхэд зарцуулах юм” гэж онцлов.
Түүнчлэн хотын татвар нь аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлэх бус харин ч үйл ажиллагааг нь дэмжсэн, үр өгөөжөө шууд өгдөг татвар гэдгийг ч тэрбээр нэмж хэлсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд албан татвар ногдуулахаар хуульд заасан байдаг.
Тэр дагуу өчигдрийн хуралдаанаас бүх төрлийн тамхи, согтууруулах ундаа болон баар, ресторан, зочид буудал, амралтын газрын үйлчилгээнээс нэг хувийн татвар авахаар тогтлоо. Журам ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хотын албан татвараас жилд 13 тэрбум орчим төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотын албан татварт хамрагдах 5245 татвар суутгагч байгаа аж. Улаанбаатар хотын нийт худалдааны эргэлт 22 их наяд төгрөг бөгөөд үүний 1.3 хувийг нь архи, тамхины худалдаа эзэлдэг байна.
Л.АРГАМЖИН