Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг 26 настай бүсгүйг хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн нь олны анхаарал татаж байна.
Хохирогч Төв аймгийн Борнуур сумын харьяат, Баянчандмань сумын Тамгын газрын Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаад жил гаруй болж буй гэнэ.
Тэрбээр ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас хойш сахиж буй аж. Өндөр настай эцэг эх нь сэтгэл санаа нь хямарч, хүнтэй үг солих ч тэнхэлгүй байлаа.
Тиймээс болсон явдлын талаар болон хохирогчийн биеийн байдал ямар байгааг хүргэн ах О.Ганзоригоос нь тодрууллаа.
-Дүүгийн тань бие ямар байна вэ. Та бүхэнд болсон явдлын талаарх мэдээлэл байна уу?
-Биднийг энэ сарын 24-ний шөнө 04.00 цагийн үед Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Дүү чинь хүнд зодуулаад бие нь муу байна. Яаралтай ир” гэж дуудуулсан. Эмнэлэгт ирэхэд “Мэс засалд яаралтай оруулах шаардлагатай тул ГССҮТ рүү шилжүүллээ” гэсэн. Тэнд очоод хагалгаанд орсон. Эмч нарынх нь хэлж буйгаар шулуун гэдсийг нь тайрсан. Хэвлий хэсгийг нь гүйцэд оёлгүй, түр торгоосон.
Учир нь дүү маань одоо болтол юу ч идээгүй, тариагаар л аргацааж байна. Биеийн байдал нь сайжраад өөрөө юм иддэг болохоор дахин хүндрэл үүсвэл гэдсийг нь ахиулж тайрч болзошгүй тул гүйцэд оёхгүй гэсэн. Мөн өнөөдөр (өчигдөр) Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар эмэгтэйчүүдийн талд гэмтэл, өвчлөл байна уу гэдгийг нь үзнэ гэсэн.
Хэрвээ сав, өндгөвч гээд бусад эрхтэнүүд гэмтэлтэй байвал дахин хагалгаанд орж магадгүй гэнэ лээ. Амь насаа алдах аюулаас түр холдлоо. Гэхдээ дараа дараагийн эрсдлүүд их. Учир нь сэтгэл санааны маш их хямралтай байгаа. Энэ нь сэтгэц, мэдрэлд нь нөлөөлж болзошгүй гэж эмч хэлсэн.
Мөн бусад эд эрхтэнүүд нь яаж гэмтсэнийг сайн мэдэхгүй байна. Тархи нь хүнд гэмтсэн, уруул нь сэтэрсэн, биеийн бүх хэсэг зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа.
-Энэ хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд санаатайгаар, урьдчилан бэлтгэж байгаад үйлдсэн байж болзошгүй гэсэн. Та бүхэн юу гэж бодож байна вэ?
-Бид ч гэсэн тэгж бодож байгаа. Учир нь зүгээр ажил дээрээ байсан хүнийг “Малын гоц халдварт өвчин гарлаа” гэж хууран айл руу авч явсан байсан. Тэгэхээр урьдаас төлөвлөсөн юм шиг санагдаж байгаа. Цэл залуухан, цоо эрүүл байсан дүүгээ эргээд хэвийн болтол нь гэмт этгээдээс гомдол нэхэх болно. Дүү маань Баянчандмань суман дахь МСҮТ-ийн оюутны байранд дүүтэйгээ хамт амьдардаг юм.
Дүү нь тэр үед оюутны намрын ажилтай гээд хөдөө явчихсан байсан. Эмчилгээнд маш их мөнгө зарцуулж байна. Тархины зураг авахуулахад 900 мянган төгрөг гэсэн. Өөр нэмэлт шинжилгээнүүд өгөхөд мөнгө шаардагдах болж байна. Тамгын газрын ажилчид нь өчигдөр (уржигдар) 200 мянган төгрөг өгсөн гэж ярилаа.
Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нартай хохирогч Б нутгийн айл Ганзоригийнд есдүгээр сарын 24-ний орой очжээ. Айлд очиж архи уусан Б.Ханбаатар хохирогчийг машиндаа суулган айлын гэрээс хоёр км орчмын зайтай газарт аваачсан гэнэ. Улмаар түүнийг зодож, хоолойг нь боомилон ухаан алдуулаад, домкрат (данхраад)-ны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ.
Сэжигтэн Б.Ханбаатар хохирогчийг авч явсан хойгуур айлд үлдсэн Г.Ариунболд буцаж явах унаагүй болсон тул Тамгын газрын жолоочоо дуудсан байна. Ганзоригийнх руу очих замдаа Б.Ханбаатар машин дотроо согтуу унтаж, харин хохирогч эмэгтэй машины гадна талд их хэмжээний цус алдан, ухаангүй хэвтэж байхыг нь жолооч олжээ. Улмаар Г.Ариунболдыг дуудаж хохирогч бүсгүйг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэсэн юм байна.
Албаны эх сурвалж “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн албан ёсны дүгнэлт гараагүй. Хэрэгт сэжиглэгдэж буй Б.Ханбаатар “Маш их архи ууж согтсон тул юу ч санахгүй байна” гэж мэдүүлж байгаа” гэж ярив.
Энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг тус аймаг дахь ШШГА-ны Цагдан хорих төвд саатуулаад буй. Түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон гэнэ.
Харин Г.Ариунболдыг энэ хэрэгт сэжиглэсэн ч одоогоор хорих шаардлагагүй гэж үзээд батлан даалтад гаргасан байна.
Х.АЗЖАРГАЛ