Улс төрийн намууд долоон дэд сайд томилох гээд тохиролцоонд хүрч чадахгүй явна. Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлчих гээд хүлээгээд байдаг. Гэтэл бүрдүүлэх гэж ядаж байгаа танхимаас нь бас нэг сайдыг огцруулах, эсэх асуудлыг маргааш намрын чуулган нээгдмэгц хэлэлцэх гээд “отож” байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсныг энэ долоо хоногт Байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх учраас улс төр энэ асуудлаар “амьсгална”. Тэрбээр С.Баярцогт сайдыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй хэмээн үзэж буй юм.
С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлүүлэх намрын чуулганаар Ч.Сайханбилэгийг огцруулах тухай ярьж ч мэдэхээр байгаа. Г.Уянгын өрнүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах аянд нэлээд хэдэн гишүүн нэгдэж, хуульд заасан 19 хүн бүрдвэл тогтоолын төслийг УИХ-д өргөн барина. Юутай ч чуулганы завсарлагаанаар өргөн барьсан О.Баасанхүү гишүүний төслийг хэлэлцэж, улстөрчид шийдвэрээ гаргах юм.
Энэ өдөр Байнгын хороо болон чуулганаар УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Засгийн газрын гишүүн огцруулах тухай тогтоол болон Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх цаг хугацааны хязгаар бий. Тиймээс намрын чуулганы эхэнд ийнхүү зэрэгцүүлэн хэлэлцэхээр болсон аж.
УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйл
7.1.12. УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны адил УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хамтарч гаргана;
(Энэ заалтын УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах... гэж заасны “...томилогдсон... огцруулах...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны есдүгээр сарын 09-ний XI дүгнэлтээр түдгэлзүүлсэн)
Цэцээс парламентын гишүүн сайд огцруулах асуудал оруулах нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж дүгнэсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг огцруулах тогтоол өргөн барьсных нь дараа Цэцээс ийм дүгнэлт гарахад эрхэм гишүүн О.Баасанхүү ихэд эсэргүүцэн мэдэгдэл хийсэн, бас “Хууль буцаан үйлчлэхгүй учраас миний тогтоолын төслийг УИХ заавал хэлэлцэх ёстой” гэж байсан юм.
Энэ ёсоор түүний өргөн барьсан тогтоолыг намрын чуулганы хамгийн эхний өдөр хэлэлцэнэ. Ингэхдээ цаашид УИХ-ын гишүүд дурын сайдыг огцруулах асуудлыг оруулдаг жишгийг халах Цэцийн дүгнэлттэй зэрэгцүүлэн хэлэлцэх нь. Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авбал Засгийн газрын гишүүн огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан сүүлийн гишүүн нь О.Баасанхүү болно.
С.УУЛ