Сүүлийн 10 жилд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа энэ сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэллээ.
Сүүлийн үед НҮБ-ыг нэлээд шүүмжлэх болсныг Путин тэмдэглээд, санал зөрөлдөөн тус байгууллага оршин тогтносон 70 жилийн туршид байсан, үүнийг яг хориг тавих эрх шигээ хэрэглэж ирснийг сануулав. НҮБ-ыг бий болгохдоо ч энд нэгдмэл санаа л ноёлж байна гэж үзээгүй гэж тэр хэллээ. Тус байгууллагын мөн чанар нь эрэл хайгуул хийж, зөвшилцөл тохиролцоог бий болгоход, түүний хүч чадал нь янз бүрийн үзэл, бодол байхыг тооцдогт оршино хэмээн тэрбээр онцлов. НҮБ-ыг өргөн харилцан ойлголцлын үндсэн дээр хөгжүүлэхэд Орос улс бэлэн бөгөөд олон улсын хамтын ажиллагаанд түүний голлох үүргийг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллана хэмээн В.Путин амлав.
Тэрбээр хэлсэн үгийнхээ үлэмж хэсгийг Ойрхи Дорнод, алан хядагч “Исламын улс” байгууллагын эргэн тойрны асуудалд зориуллаа. Түүний үзэж буйгаар онцгой аюултай энэ бүлэглэл оргүй хоосон дээр бий болоогүй бөгөөд түүнийг эхэн үедээ санаанд нь нийцээгүй дэглэмүүдийн эсрэг ашиглаж байж өсгөж торниулсан аж. Алан хядагчидтай сээтэгнэж, тэр дундаа тэднийг зэвсэглэх гэсэн аливаа оролдлогыг алсын хараагүй төдийгүй амь насанд аюултай хэрэг гэж үзэхээс аргагүй. Эцэст нь алан хядах аюул занал нэмэгдэж, шинэ шинэ бүс нутгийг хамарч болзошгүй, түүгээр ч барахгүй “Исламын улс”-ын хуаранд дэлхийн олон орноос түүний дотор Европын улсуудаас хүмүүс ирэх болсон. Харамсалтай нь Орос улс ч үүнийг тойрч чадсангүй. Цус үнэрлэчихсэн энэ алуурчид хожим нь эх орондоо эргэн ирээд хар хэргээ үргэжлүүлэхийг хэн ч хүсэхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Ойрхи Дорнод, Африкийн нэлээд улсын эрх мэдэл хэт даврагч, салан тусгаарлагчдын гарт орсныг Оросын удирдагч тэмдэглээд, Сирийн эрх баригчид, Засгийн газрын арми, “алан хядагчидтай нүүр тулан эрэлхгээр тэмцэж буй хүмүүстэй” хамтран ажиллахаас татгалзаж буйг том алдаа гэж үзэж буйгаа илэрхийлэв. “Исламын улс” болон алан хядагч бусад байгууллагуудтай Асадын Засгийн газрын цэрэг, Курдын сайн дурынхнаас өөр хэн ч үндсэндээ Сирид тэмцэхгүй байна хэмээн Путин тэмдэглэлээ.
Сирийн хууль ёсны Засгийн газарт тусалж, Ливид төрийн байгууллагуудыг сэргээн бий болгож, Иракт шинэ Засгийн газрыг нь дэмжиж, алан хядагчдын эсрэг олон улсын өргөн цар хүрээтэй эвсэл байгуулахыг тэрбээр уриалав. Энэ эвсэл хүнийг үзэн ядах үзлийг бий болгогчдын эсрэг шийдвэртэй сөрөн зогсоход бэлэн янз бүрийн хүчнийг Гитлерийн эсрэг эвслийн адилаар эгнээндээ нэгтгэж чадна. Ийм эвслийн гол оролцогч нь мэдээж лалын шашинтай улсууд байх ёстой. “Исламын улс” нь тэдэнд шууд аюул занал учруулж буй төдийгүй цуст гэмт үйлдлээрээ дэлхийн нэг том шашин болох лалыг гутааж байна гэж Оросын Төрийн тэргүүн онцоллоо. Түүний үзэж буйгаар Ойрхи Дорнод, Африкийн орнуудын эвдэрч сүйрсэн төрт ёсыг сэргээх нь Европ руу цутгаж буй дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болох аж.
В.Путин Украины байдалд нэлээд анхаарал хандуулсан нь хүмүүсийн хүсэн хүлээсэн асуудал байлаа. Энд зэвсэгт эргэлтийг гаднаас өдөөсөн гэж тэр мэдэгдэв. Түүний үгээр бол НАТО хүрээгээ тэлэх хэрээр Өрнөдийг дагах уу, Дорнодыг дагах уу гэх сонголт хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан олон орны өмнө тулгарчээ. Энэ байдал хэзээ нэгэн цагт геополитикийн айхтар хямралд хүргэх нь гарцаагүй байсан бөгөөд чухам ийм явдал Украинд тохиож, оршин буй дэглэмдээ хүн амын үлэмж хэсэг нь сэтгэл дундуур байсныг ашигласны хажуугаар гаднаас зэвсэгт эргэлтийг өдөөж, эцэст нь иргэний дайн дэгдсэн байна. 2015 оны хоёрдугаар сарын 12-нд байгуулсан Минскийн тохиролцоог ягштал биелүүлж байж л мухардлаас гарна хэмээн Путин энд давтан хэлжээ. Тэгэхдээ Путиний үгийг Украины төлөөлөгчид сонсоогүй байж таарна. Яагаад гэвэл төлөөлөгчид нь Ерөнхий Асамблейн хуралдааныг орхиж буй талаар НҮБ-д суугаа тус улсын Байнгын төлөөлөгч Юрий Сергеев цахим хуудсандаа бичээд, тэдэнд зориулсан сандал хоосон байгааг харуулсан зураг байрлуулсан байжээ. Украины төлөөлөгчид Путиний өмнө Иорданий ван II Абдаллаг үг хэлж эхлэхэд л гараад явсан юм билээ.
Оросын Ерөнхийлөгч эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвийг энд бас хөндөв. НҮБ-ын дүрмийг зөрчиж нэг тал дангаараа хориг тавих нь өнөөдөр бараг ердийн явдал болж, улс төрийн зорилго өвөрлөх төдийгүй зах зээлийн өрсөлдөгчөө зайлуулах арга болгож байна гэж тэрбээр мэдэгдэв. Дэлхийн худалдааны байгууллага дотор болж буй явдлыг Путин энд дурджээ. Түүний үзэж буйгаар зарим орнууд бусдаасаа нуун эдийн засгийн хаалттай нэгдэл байгуулаад буй аж. Тоглоомын ийм дүрэм тийм ч шударга зүйл биш бөгөөд худалдааны системийг эвдэж, эдийн засгийн орон зайг тараан бутаргах аюултай гэж Путин үзэж байв. Олон улсын худалдааны түгээмэл, тунгалаг зарчим дээр суурилсан интеграцыг Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгт санал болгож буй юм байна. Евразийн болон Европын холбооны эдийн засгийн үйл явцыг уялдуулан зохицуулахыг их ирээдүйтэй гэж ОХУ үзэж буй аж. Тэгээд Путин Евразийн эдийн засгийн холбоог Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах Хятадын санаачилгатай холбож өгөхөөр төлөвлөж буйгаа жишээ болгож дурдав.
Цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудал Путиний анхаарлаас хөндий байсангүй. Ирэх арванхоёрдугаар сард Парист болох НҮБ-ын Бага хурлын үр дүнг Орос улс ихээхэн сонирхож буй аж. Энэ Бага хурлын үр дүнгээр цаг уурын асуудлаар олон улсын хэлэлцээр байгуулахаар төлөвлөж буй юм. Цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэлд Оросын оруулах хувь нэмрийг Путин тодорхойлохдоо 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 онтой харьцуубал 70-75 хувь хязгаарлана гэж хэллээ. Тэгэхдээ энэ асуудлыг Оросын удирдагч өргөнөөр харж, хортой хийг ийн хязгаарласнаар учирч буй бэрхшээлийг дорвитой шийдвэрлэж чадахгүй гэж үзэж байв. НҮБ-ын ивээл дор тусгай чуулган зохион байгуулж, байгалийн нөөц шавхагдаж, хүрээлэн буй орчин сүйдэж, цаг уур өөрчлөгдөж буйг хамтад нь авч үзэхийг Путин санал болгож, ийм арга хэмжээг зохион байгуулагчдын нэг болоход Орос улс бэлэн байгаа гэлээ.
Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-д ер ирээгүй байсан юм. Түүнийг 2012 онд “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Кэмп-Дэвидэд ирнэ хэмээн бэлтгэж байсан ч өөрийнхөө оронд Ерөнхий сайд Дмитрий Медведевийг явуулсан. Энэ удаад Путин АНУ-д нэг л өдөр байж, өглөө ирчихээд шөнө нь буцсан. АНУ-д ердөө 10 цаг л болсон байна. Обама үг хэлэхээсээ 10 минутийн өмнө чуулганы танхимд орж ирээд, индэрт гарчихаад байхад нь Путины онгоц Нью-Йоркийн Кеннедийн нисэх буудалд газардаж байв. Тэрбээр онгоцны буудлаас шууд НҮБ-ын төв байранд очжээ.
Аравдугаар сарын 3 хүртэл Ерөнхий Ассамблей дээр үргэлжлэх ерөнхий санал шүүмжлэл энэ өдөр эхэлсэн юм. Хуваарь ёсоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эхэлж үг хэлээд араас нь Бразилийн Ерөнхийлөгч хатагтай Дилма Руссеф, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Иорданы ван Абдалла нар залгаж, Путиний нэр долоод бичигдсэн байв.
Дэлхийн олон нийт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ 70 дугаар чуулганаас чих тавин сонсож байсан нэг зүйл бол Путин, Обама хоёр уулзах явдал байсан юм. Тэд уулзахаар болсныг ч хэд хоногийн өмнө зарласан.
Путиний хэлснээс үзвэл тэдний хооронд санаа нийлэх ч, нийлэхгүй ч юм зөндөө л байж. Харин хоёр удирдагчийн яриа хөөрөө санасныг бодвол тун илэн далангүй болсон байна. 55 минутад багтаахаар төлөвлөсөн ч тэдний уулзалт 100 гаруй минут үргэлжилжээ.
Уулзалтынхаа талаар сэтгэгдлээ тэрбээр хуваалцахдаа, олон асуудлаар, тэр дундаа Украин, Сири, Ойрхи Дорнодын асуудлаар байр сууриа америк түншүүд маань тун ойлгомжтой илэрхийллээ. Бид нийтлэг асуудлаар хамтарч ажиллах боломжтой юм байна хэмээн тэрбээр хэлсэн байна. Сирид явуулж болзошгүй байлдааны ажиллагааны үеэр будлиан гаргахгүйн тулд яриа хөөрөө хийлгэхээр цэргийнхнээ уулзуулахаар тэд тохирсон гэх мэдээлэл бий. Удирдагчид Сирийн хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх хувилбаруудыг судлахаар ярилцсан ч Ерөнхийлөгч Башар Асадынх нь цаашдын хувь заяаны талаар тодорхой шийдэлд хүрээгүй бололтой.
Энэ уулзалтыг хэн санаачилсныг сонирхсон сэтгүүлчийн асуултад Путин хариулахдаа, Америк нөхөд маань санал болгосон гэжээ. Туслах Юрий Ушаковынх нь хэлснээр бол цаг хугацааны хувьд хоёр хувилбар хэлсний “хамгийн тохиромжтойг” нь сонгож авсан аж. Америкийн Ерөнхийлөгчтэй холбогдолгүй нэлээд удсан гэх яриаг Путин зөвшөөрсөнгүй. “Бид утсаар ярилцдаг, олон улсын арга хэмжээний үеэр богино хугацаагаар уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны гол гол асуудлаар санал солилцож байсан” гэж хэлсэн байна.
Тэгэхдээ Орос, Америкийн харилцаа өнөөдөр доогуур түвшинд байгаа бөгөөд үүнд Москва буруугүй, Вашингтоны сонголтоос хамаарч буй. Харилцааг бүрэн хэмжээгээр сэргээж, хөгжүүлэхэд бид бэлэн гэж Путин сэтгүүлчдэд мэдэгджээ. Санал нийлэхгүй юм байгаа ч түүн дээр ажиллахаар Обаматай тохирсон гэж нэмж хэлжээ. Уулзалт болох өрөөндөө орохын өмнө хоёр Ерөнхийлөгч дуугүй гар барилцаад цааш эргэхэд Америкийн сэтгүүлчид чангаар хашгирч асуулт тавьсан ч аль нь ч хариулсангүй. Тэд ер нь сэтгүүлчдийн дэргэд ам нээгээгүй гэнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын барьсан өглөөний зоогийн үеэр Путин, Обама хоёр хундага өргөчихсөн, тэдний дунд Бан Ги Мүний суудал сул байгаа дүрс хальсанд үлдсэний учрыг сэтгүүлчид лавлахад “Үүний цаана ямар ч учир начир байхгүй, энэ бол албан ёсны тусгай дэг жаягтай арга хэмжээ. Тухайн үед Ерөнхий нарийн бичгийн дарга хундаганы үг хэлээд индэр дээр байсан. АНУ-ын Ерөнхийлөгч ёс журамтай хүний ёсоор хундагаа өргөж бид хоёр тулгасан” гэж В.Путин хариулжээ.
И.РЭНЧИНХАНД