Их Британийн нэрт архитектор Марго Красоевич Монголын Засгийн газрын захиалгаар хамгийн орчин үеийн технологи ашигласан хүлэмж, сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих гэж байгаа талаараа мэдээллээ. Марго Красоевич нь дэлхийд алдартай архитектор бөгөөд хэдийгээр зав зай муутай ч Монголын говь цөлд барих хүлэмжийн төсөл сонирхлыг нь ихэд татсан тул уг саналыг хүлээн авсан гэж ярьсан байна.
Түүний зохион бүтээж буй хүлэмжийн хийц загвар дэлхийд хосгүй, уран зөгнөлт киноны барилга мэтээр бүтээгдсэн нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Шинэ төслийн гол зорилго нь төрөл бүрийн ургамал, хүнсний ногоо, жимсийг шилэн хүлэмжинд тарьж ургуулан, цөлжилтийн эсрэг тэмцэх явдал.
Марго Красоевичийн бүтээсэн хүлэмжийн гол байгууламж нь газар дор орших ургамлын үр хадгалах төв гэнэ. Үр хадгалах төвийг нарны эрчим хүч буюу нарны зайгаар ургах дулаан, чийгээр хангаж, тодорхой хугацааны дараа гадагш гарган, салхиар говь цөлийн уудам нутагт тараан цацах гэнэ. Жирийн л нэг хүлэмж байна гэж уншигчид бодож байж магадгүй. Тэгвэл энэ хүлэмжинд зочид буудал байрлана.
Хүлэмжээс шилэн ханаар тусгаарлагдсан зочид буудлаас үр хэрхэн ургаж байгаа болон цөлд тарьсан ургамлуудыг үзэж сонирхох боломжтой. Энэ нь нэг талаар цөлжилтийн эсрэг тэмцэхээс гадна гадаад, дотоодын жуулчдыг говьд аялуулан, хөрөнгө мөнгө босгох, аялал жуулчлалын брэнд бий болгох давхар зорилготой аж.
Тийм болохоор жуулчдын амрах, зугаалах нөхцөлийг таван одтой зочид буудал шиг биш юм гэхэд Улаанбаатар хотын зочид буудлаас огт дутахгүй байхаар зохион байгуулах аж.
Марго Красоевич “Монголын экологийн гол асуудал бол цөлжилт. Энд жил тутам 3.6 мянган шоо км газар цөл болон хувирч байна. Ой модыг ямар ч хяналтгүй огтолж сүйтгэн, усны нөөцөө хамгаалахгүй, нөхөн сэргээлт хийдэггүйгээс цөлжилтийг зогсоох арга бараг алга. Түүнээс гадна Монголын говьд байнга гардаг түйрэн нь тус улсын хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учруулж байна” гэж мэдэгджээ.
Тиймээс Марго хүлэмжээс гадна “Монголын ногоон хана” хэмээн өөрийн нэрлэсэн ой модны асар том хүрээ байгуулахаар төсөлдөө тусгасан байна. Мөн говийн элсний нүүдэл, хөдөлгөөний хүчийг ашиглан, эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц байгуулах аж.
Одоогоор нарны энэ хүлэмжийн баригдах цаг хугацаа, байршил, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар мэдээлэл байхгүй ч гадаадын хэвлэлүүдээр Монголын Засгийн газрын захиалгаар хийнэ гэж мэдэгдэж байна. Хэрэв энэ хүлэмж үнэхээр баригдвал манай улс шинэлэг байдал, өнгө үзэмжээрээ дэлхийд тэргүүлэх эко хүлэмжтэй болох юм.
М.СУГАР-ЭРДЭНЭ