Өнгөрөгч наймдугаар сарын 28-ны өдөр Хууль зүйн сайдын А/190 тушаалаар Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт орсон билээ. Уг журмын 1.3-т “Цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно” хэмээн тусгажээ.
Түүнчлэн журамд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үед иргэн, байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна гэж заасан байна.
“Байрныхаа гадаа зогсоолд тавьсан машиныг минь ачаад явчихсан байна”, “Машин ачиж байгаад эд ангийг нь эвдчихжээ” гэх гомдлын үгс цахим ертөнцөд цөөнгүй харагддаг. Тиймдээ ч иргэдийг багагүй бухимдуулдаг хараа хяналтгүй, хариуцлагагүй ачигч компанийн хайнга ажиллагааг уг журмаар зохицуулахаар шийдвэрлэжээ.