“Ил тод уул уурхай” хурлын үеэр салбарын сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах (бичил уурхайн) цехийн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцсанаа дуулгав. Гар аргаар алт олборлогч 400 гаруй иргэнийг эгнээндээ нэгтгэсэн дээрх ТББ-ынхан “Тогтвортой бичил уурхай” төсөлд хамрагдаж алтны баяжуулах цех байгуулжээ. Тэрбээр Түүх, археологийн болон Газар зүй, геологийн цэвдэг судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хамт Гацууртын ордтой танилцжээ. Тэд түүх соёлын дурсгалт зүйлс, цэвдгийн судалгааг дахин нягталж үзсэн бөгөөд ордын ойр орчимд хууль бус аргаар ашигт малтмал олборлогчид цөөнгүй харагдсаныг Р.Жигжид сайд ярьсан юм. Мөн долоон бүлэг, 28 зүйлтэй Эрдэс баялгийн бирж байгуулах хуулийн төслийг боловсруулж буй аж. Хэрэв уг хуулийг баталбал Эрдэс баялгийн бирж байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэх тул нээлттэй сонгон шалгаруулалт зарлах боломж бүрдэх гэнэ.
Манай улс 2013 оны тавдугаар сараас дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалын дагуу тооцсон ханшаар газрын тос импортолж буй. Уг таваарын үнэ хямдарсантай холбоотойгоор импортын шатахууны хилийн үнэ өмнөх оны наймдугаар сард тонн нь 1011 ам.доллар байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард даруй 517 “ногоон” болж буурчээ. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хэлбэлзэж байдаг. Нэг өдөр буурчихаар л үнэ хямдрах ёстой юм шиг ойлгоод байдаг. Тийм биш. Газрын тосны үнийг өмнөх сарынх нь 1-25-ны өдрийн дундаж ханшаар тогтоодог. Манай улс газрын тосоо дэлхийн зах зээлийн үнээр авч байгаа” гэв. Нефть импортлогч компаниуд есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд буй аж. Харин манай улсаас экспортод гаргадаг түүхий газрын тосноос төсөвт төвлөрүүлэх орлого энэ онд 100 тэрбум төгрөгөөр тасалдах магадлалтай гэсэн. Алслагдсан аймаг, орон нутгаар импортолж буй шатахууныг онцгой албан татвараас чөлөөлснөөр энэ оны эхнээс баруун бүсийн аймгуудад жижиглэнгээр худалдах үнэ нь дунджаар 150 төгрөгөөр хямдарсан юм байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд бөөнөөр борлуулж буй шатахууны үнэ литр тутамдаа 300 гаруй төгрөгөөр буурч, 1390 орчим болсон аж.
Уул уурхайн сайдаар ахлуулсан тус яамны болон Ашигт малтмалын газрын төлөөлөгчид есдүгээр сарын 14-24-нд Бүгд найрамдах Колумб, Холбооны бүгд найрамдах Бразил улсад айлчилсан. Энэ үеэр Колумбын Уул уурхайн үндэсний сургалтын төвд дотоодын мэргэжилтнүүдийг сургахаар тохиролцсон аж. Р.Жигжид сайд “Rio Tinto” компанийнхан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг энэ оны эцсээр тодорхой болгоно гэж ойлгож байгаа. Бидний хувьд хөрөнгө оруулалтыг аль болох хурдан хийхийг хүсэж, шаардаж байгаа” хэмээн ярилаа. Мөн тэрбээр “Тавантолгойд хөрөнгө оруулах консорциумтай хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Яриа хэлэлцээ үргэлжилж байгаа” гэв.
Ц.Болормаа