Монгол Улсын хүн амын 10 хувийг дангаараа бүрдүүлдэг Баянзүрх дүүргийнхэн шинэ амаржих газраа өнөөдөр өлгийдөх нь. 330 мянган хүнтэй хамгийн том дүүрэг 2000 оноос хойш 45 ортой төрөх эмнэлэгт эх, нярайг хүлээн авч байв. Ингэхдээ нэг орон дээр хоёр гурваараа хэвтэж, орнуудаа 200 хувь ашигласныг III амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд хэлэв.
Жилд 6000 хүн төрдөг, 10 мянган хүн хэвтүүлэн эмчилдэг байсан III амаржих ийн шинэ байртай болсноор хүчин чадал нь гурав дахин нэмэгдэх гэнэ. Нийт 412 өрөө, 9000 ам метр талбай, 150 ортой (ачаалалтай үед орны тоог 100-гаар нэмэгдүүлэх боломжтой) тус төрөх эмнэлэг дүүргийнхээ 28 хорооны иргэдэд эмэгтэйчүүд, мэс засал, төрөх, төрсний дараах, эрчимт эмчилгээ, нярайн тусламж, үйлчилгээг сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэх юм.

Төрөх өрөөний гаднаас амаржиж буй ээжийг ар гэрийнхэн нь харах боломжтой
С.Ганболд “Долоон давхар төрөх эмнэлгийн өрөө, тасгуудыг Японы Засгийн газрын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар орчин үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр тохижууллаа. Өрөө бүр агааржуулалт, вакуумжуулалт, хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй. Нийт 223 хүн энд ажиллах юм. Бид 30 ортой эмэгтэйчүүдийн тасгийг тусад нь байгуулснаараа дэвшил болсон.
Энд дүүргийнхээ эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин эмгэгийг оношилж, эмчлэх юм. Өмнө нь I амаржих газар руу өвчтөнүүдээ илгээдэг байсан. Ийм тасаг ажиллуулснаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзүүлэлт огцом дээшилнэ. Үлдсэн 120 ортой тасгуудаараа эх барихын төрөл бүрийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Барилгыг “Цамхаг констракшн” барьсан. 200 гаруй автомашины зогсоол байгуулж, явган хүний зам тавьсан” гэж ярилаа.
Түүх сөхвөл, Баянзүрх дүүргийн III хороонд байрлах “Энэрэл” эмнэлгийг нүүлгэн, буурин дээр нь одоогийн III амаржих газрын шинэ барилгын шавыг 2011 оны тавдугаар сарын 27-нд тавьж байлаа. 2012 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ёстой байсан тус эмнэлгийн зураг төслийг гаргачих чадалтай мэргэжилтэн Монголд байхгүй гэсэн “хөгийн” шалтгаанаар барилгын ажил нь жил гаруй саатсан гэж Эрүүл мэндийн яамныхан (хуучнаар) тайлбарлаж байв.
Тендерт ялсан “Их өргөө” ХХК нэг тэрбум төгрөгөөр шав тавингуутаа “Манайх энэ ажлыг хийж чадахгүй нь гээд хаяад алга болсноор III амаржих газрын “үлгэр” эхэлсэн юм. 2012 оны долдугаар сард дахин сонгон шалгаруулалт зарлаж, “Пума констракшн” барилгыг гүйцээхээр болсон ч бас л төсөв мөнгөний маргаан үүссэнээс ажлаа дундаас нь орхисон. Олон компанийн “гараар” орж, сууринаасаа өндийдөггүй хэмээн цоллуулж явсан нийслэлийн III төрөх эмнэлэг дөрвөн жилийн дараа ашиглалтад орж буй нь энэ.
О.БАТ-УНДРАХ