“Төрийн сүлд өршөө” гэж залбирдаг ард түмэн бол монголчууд. Уулга алдахдаа ч дууддаг энэ эрхэм нандин үгийг хэлдэг хүн цөөрсөөр, монгол хэлний үгсийн сангийн хуучирсан үгийн жагсаалтад ороход ойрхон боллоо. Ийм болгосон буруутан нь төрийн түшмэд, төрийн албан хаагч нэртэй болдоггүй нөхөд.
Авлига, албан тушаалын хэрэг, зодоон цохион, хар тамхи, контрбанд, хүүхэн шуухан татаж чангаасан, хүчиндсэн, зэрлэг балмад авирлаж танхайрсан гээд төрийн албан хаагчидтай холбоотой бузар булай хэргүүд хөвөрсөөр. Яасан жигшүүртэй юм бэ.
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч балмад эрийг энэ өдрүүдэд Монгол даяараа жигшин зэвүүцэж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд, ялсан намын гишүүдийн зугааг гаргадаг албан тушаалын нэг нь сумын Засаг даргын орлогч. Хийх ажилгүй, орон тоо бөглөсөн, намын нэг гишүүний амыг хаасан л албан тушаал.
Төрийн улс төрийн албан тушаалтан боллоо гээд энэ хүн намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн шиг авирлажээ. Нутаг нугынхаа иргэдийг хошуучлан, сайн үлгэр дуурайл үзүүлж, Засаг даргын ажилд дэм болохын оронд энэ нөхөр тариа ногоогоо хураах, хадлан тэжээлээ татах, хашаа хороогоо засах, түлээ түлшээ бэлтгэх нөр их ажил дундуур айл хэсэн архи ууж, ёс бус хүслээ гүйцээж явсан нь арай дэндүү.
Төв аймаг бол ургацын далай. Монголчуудын хүнсний буудайн 20, ногооны 30 гаруй хувийг хурааж авдаг, тэмээнээс бусад малынхаа тоогоор улсад эхний тавд ордог аймаг. Баянчандмань сумын есөн аж ахуйн нэгж, 226 иргэн энэ зун хүнсний ногоо, үр тариа тарьжээ.
Үр тарианы 308 га, тосны ургамлын 100 га талбайгаас ямар ч ургац авч чадахгүй болж, малын тэжээл болгохоос өөр аргагүйд хүрээд байгаа энэ сумын тариаланчид үлдсэн буудайгаа хураах гээд хүйтэн нойтонтой уралдан, нойр хоолгүй хонож байхад тэдэндээ санаа тавьж явах учиртай дарга нь хүний санаанд оромгүй жигшүүрт хэрэг хийчихээд сууж байна.
“Нар дагавал даарахгүй, мал дагавал өлсөхгүй” гэдэг зүйр үг “Нам дагавал алдахгүй, мал дагавал өлсөхгүй” болж өөрчлөгдөөд байгаа өнөө үед улс төрийн албан тушаалд томилж буй хүнээ намууд шигшиж сонгохоо больсон.
Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, даргыгаа илүү сайн долоосон нь албан тушаалын шатаар өгсдөг энэ гажиг тогтолцооны балгаар Б.Ханбаатар мэтийн аймшигт “араатнууд” хонины арьс нөмөрчихөөд нутгийн захиргааны байранд тухалж, хэзээ, хэнийг барихаа тооцон, гэтэж сууна. Ийм муур багш нарыг танилгүй давраасаар байтал нэг л өдөр барын савар гаргаж буй нь энэ. Араатан тэжээж, хүмүүсийн дунд тавьсан эзэнд нь ч гэсэн хариуцлага тооцох л учиртай.
Монгол хүний сэтгэл дэх “Төр” хэмээх эрхэм ойлголтыг сэвтээж буй бараан зүйлс энэ мэтчлэн үргэлжилнэ. Тун ойрмогхны бас нэгэн баримт гэвэл Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр П.Даш томилогдохоор нэр дэвшсэн явдал юм. Энэ хүн Онцгой байдлын ерөнхий газрыг толгойлж байхдаа албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс 2012 оны долдугаар сарын 23-нд 268 дугаар шийтгэх тогтоолоор гурван жил зургаан сар хорих ял сонссон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78.2.3-т заасан “Хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцно” гэсэн байдаг. Үүгээр бол 2014 оны арванхоёрдугаар сард өршөөлөөр суллагдсан энэ хүний ялгүй болох таван жил нь дуусаагүй байгаа юм. П.Даш генерал өөрийгөө ямар ч гэм буруугүй, хэрэг хийгээгүй хүнийг өршөөх биш, цагаатгах ёстой хэмээн заргалдсан түүхтэй.
Тэрээр энэ оны гуравдугаар сард itoim.mn сайтад ярилцлага өгөхдөө “Ямар ч байсан энэ засаг надад ажил өгнө гэсэн” гэж ярьсан байдаг. Энэ үг эдүгээ биелж, Шадар сайд Ц.Оюунбаатар түүнийг ажилтай золгуулж, зургаан зөвлөхийнхөө нэг, Ажлын албаныхаа дарга болгов. Тэрээр П.Дашийг улсад хор хохирол учруулаагүйг нь мэдэж байгаа болоод ингэв үү, эсвэл хуулийг үл хайхрав уу.
Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгод “Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасан “Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болох тул мөн хуулийн 7.2.4-т заасан “Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх”, 23.7-д заасан “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэснийг баримтлан ажиллана уу” гэсэн албан бичиг илгээжээ.
Хорих ял эдэлсэн хүн насаараа ажилгүй явах ёстой гэсэн зарчим хаана ч байхгүй. Тэгвэл ардчилсан нийгэмд огтхон ч байж боломгүй шийтгэл болно. Гэхдээ төрийн албанд ажиллаж байхдаа уучилж боломгүй том алдаа гаргасан хүнийг буцаагаад төрд авч, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулна гэдэг байж болохгүй зүйл.
2013 онд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “Дайны эрсдэлийн сан” гэгчийг бий болгон, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн Ц.Орхоныг МИАТ-д буцаан авчирсан явдал нь төрийн алба гэдэг чинь юу болж хувирах нь энэ вэ гэж эрхгүй халаглахад хүргэж байна.
Япон, Хонконг дахь даатгалын хоёр зохиомол компанийн данс руу 9.3 тэрбум төгрөг шилжүүлэн, 4.3 тэрбумыг нь өөрсдийнхөө хувийн болон компанийнхаа дансаар буцаан авсан гэм буруутай хэмээн 2013 оны зургадугаар сард шүүхээс Ц.Орхонд 11 жил хорих ял оноож, 1.3 тэрбум төгрөг гаргуулан МИАТ-д төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Төрийн өмчит компанийг ашиглан мөнгө угаасан энэ хүнийг буцаагаад төрд, тэр тусмаа хулгай хийсэн байгууллагад нь тавих нь ёс зүйд яавч нийцэхгүй. Өөрөөс нь мөнгө хулгайлсан хүнийг эргүүлээд ажилд авдаг тэнэг менежер бол төр л байна. Хувийн байгууллага бол хэзээ ч ингэж тэнэглэхгүй.
Үүнийг мэдсэн УИХ-ын дарга З.Энхболд “Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан” хэмээн Зам, тээврийн сайдад сануулсан байна. Төрөөс хулгай хийсэн хүмүүст төрийн аль ч байгууллагын үүд хаалттай болох ёстой.
Гэтэл эсрэгээрээ цэлийтэл нээдэг гажиг тогтолцоо зөвхөн Монголд байна. Ард түмний нүдэн дээр төр хэмээх эрхэмсэг оршихуйг сүлд нь байх учиртай төрийн албан хаагчид өөрсдөө навсайлган, “амьтны хүрээлэн” болгоод байхаар хэн ч, яаж ч “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүслэх билээ. Харин ч ийм төртэй байснаас байгаагүй нь дээр гэх биз.
Х.БОЛОРМАА