УИХ-ын дарга З.Энхболдод Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн барив.
“Монголбанк мөнгөний уламжлалт, уламжлалт бус бодлогын хүрээнд макро эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах арга хэмжээг 2012 оны эцсээс үе шаттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд тогтвортой байдлаа хадгалан, системийн шинжтэй эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, эдийн засаг богино хугацаанд огцом агших, ажилгүйдэл эрс нэмэгдэх санхүү-эдийн засаг-нийгмийн хямрал үүсэх аюулаас зайлсхийсэн болно” хэмээн тус тогтоолын төсөлд дурджээ.
Төсөлд дунд хугацаанд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг алдагдалгүй хэвээр байлгах, төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж улсын төсвийг алдагдалгүй болгохоор тусгасан гэнэ.
Мөн улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах нь эдийн засгийн гадаад, дотоод шинэ тэнцвэрийг бүрэн хангаж, инфляцыг дунд хугацаанд 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэн, цаашид эдийн засгийг тогтвортой байлгахаар тооцжээ.