Америкийн Холбооны мөрдөх товчооны үндэсний академид анх удаа монгол эмэгтэй суралцжээ. Уг сургалтад хамрагдсан Ц.Эрдэнэхишигээс цөөн зүйл тодрууллаа.
-Та хаана ажилладаг вэ. ХМТ-ны сургалтад хэрхэн хамрагдав?
-Би Батлан хамгаалахын их сургууль төгсөж, Хилийн цэргийн дээд сургууль, Хууль сахиулах их сургуульд багшилж байсан. Одоо Тахарын ерөнхий газрын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Америкийн Холбооны мөрдөх товчооноос хууль сахиулах байгууллагынханд зориулж жилд дөрвөн удаа гурван сарын сургалт зохион байгуулдаг.
Өмнө нь Монголоос энэ сургалтад ЦЕГ-ын эрэгтэй албан хаагчид суралцаж байсан. Намайг байгууллагаас сонгож, би Хятадын мэргэжилтэнтэй өрсөлдөж, суралцах эрх авсан. Хууль сахиулах байгууллагад таваас доошгүй жил ажилласан, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, ирээдүйтэй боловсон хүчин байх шаардлага тавьдаг юм билээ.
Би 23 улсын 24, АНУ-ын 48 мужийн хууль сахиулах байгууллагын 225 ажилтантай хамт 17 кредит хичээлд суусан.
-Манай хууль сахиулах сургуулиудын сургалтаас юугаараа онцлог байв?
-Ихэвчлэн гэмт хэргийн бодит жишээн дээр ажиллуулсан. Олон улсын туршлагатай албан хаагчидтай хамт суралцсан болохоор бие биенээсээ их туршлага хуримтлуулсан. Дипломоо АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комейгээс гардан авсан.
-Тухайлбал ямар хэргүүдэд дадлага хийлгэсэн бэ?
-Сүмд мөргөл үйлдэж байсан лалын шашинтнуудыг хороосон, эхнэрээ хөнөөж, эрдэнэ шишийн талбайд нуусан эрийн болон Виржиниагийн Технологийн их сургуулийн оюутан 32 оюутан буудсан зэрэг Америкийг донсолгосон хэргүүд дээр ажиллуулсан.
Б.ДӨЛ