Дөнгөж сая Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн зам буюу Сансар худалдааны төвийн урд талд "Sonata II" маркын авто машины жолооч ногоон гэрлээр гарч байсан ахлах ангийн эрэгтэй хүүхдийг дайрч, хүүхэд газар дээрээ нас баржээ.
Хэрэг болох үед газар дээр нь байсан гэрчийн хэлж буйгаар “Энэ хүүхэд миний хойноос ногоон гэрлээр зам гарч байхад нь хурдтай явж байсан машин тормос гишгэлгүй ирээд мөргөчихлөө. Би сандарч очоод судсыг нь барьж үзэхэд аль хэдийн зогсчихсон байсан.
Хурд хэтрүүлснээс болж энэ зам дээр байнга осол гарч байхад замын тэмдэглэгээ, хурд сааруулагч мэтийн зүйл тавьчих хэрэгтэй. Замаа сайжруулж болно. Гэхдээ бүх талын аюулгүй байдлыг хангасан тохиолдолд ашиглалтад оруулмаар байна. Хүүхэд дайрсан жолооч согтуу байсан үгүйг сайн мэдэхгүй. Ойролцоогоор 30-35 насны залуу байсан” гэлээ.
Одоогоор ослын газарт тус дүүргийн Замын цагдаагийн тасгынхан ажиллаж байгаа аж.
Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар хэлж зөвлөхөөс гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Хүүхэд өөрөө гэнэн томоогүй ирж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг зөв тооцоолж чадахгүй, гэнэт гарч ирэх, гүйх зэрэг үйлдлийг хийдэг тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн автобусны буудал, явган хүний гарц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, анхаарал болгоомжтой, аюулгүй байдлыг хангаж оролцохыг сануулж байна.