УИХ-ын 2015 оны өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хуулийг өнөөдрөөс дагаж мөрдөж эхлэх юм. Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан. Ингэснээр өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн албан татвар авах юм. Тодруулбал, иргэн 3000 төгрөгөөр тамхи худалдан авбал 30 төгрөгийг хотын албан татварт суутгуулна. Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилжээ.