Эдлэх эрх ямбын тухай ярихаар хүний тооноос “хасагдчихдаг” хэрнээ ач, зээгээ харах үүрэх хариуцлага гэвэл хамгийн түрүүнд шогшиж явдаг эмээ, өвөө нарын дархан эрхээ эдлэх ганц баяр нь өнөөдөр тохиолоо. Ахмадынхаа баярт очно гээд хамаг л гоёл зүүсгэлээ өмсөн, залуу идэр цагтаа байгуулсан гавьяаных нь илэрхийлэл болох одон медалиудаа энгэртээ эрийтэл зүүсэн хөгшчүүл хотын гудамжаар өнөөдөр олон тааралдав. Харин Чингисийн талбайд өнгө өнгийн торгомсог өмд, цамцаар гоёсон ахмадууд хөдөлгөөнөөр эрүүл амьдрахын ач тусыг үлгэрлэн амьсгалын дасгалыг бясалгалтай хослуулан “бүжицгээх” нь сонихон.
Дэлхий нийтээр Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож буй.
Энэ онд НҮБ-аас ахмадын өдрийг “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн улс орнууддаа уриалсан юм. Энэ дагуу Геронтологийн үндэсний төвөөс олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан “Эрүүл насжилтыг дэмжих” өдөрлөгийг төв зохион байгуулсан нь энэ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ЭМСЯ, нийслэлийн ЗДТГ, Монголын ахмадын холбоо хамтран зохиож буй уг өдөрлөгт ахмадууд тун идэвхтэй оролцлоо. Ахмадуудын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, урт насжилтыг дэмжих, сурталчлах зорилготой энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн настнуудад бүхий л арга хэмжээ нь таалагдаж буй бололтой, алжаахаа умартан дуустал нь байцгаасныг дурдах хэрэгтэй болов уу.

Урлаг соёлын арга хэмжээ үзэж сонирхонгоо эрүүл насжилтыг хэрхэн дэмжих тухай номын дуу сонссон ахмадууд дотор, зүрх судас, мэдрэл, уламжлалт анагаах ухааны эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад авна лээ. Мөн зүрхний бичлэг, хэвлийн чанд авиан шинжилгээ хийлгэх нь хийлгэж, зарим нь ясны сийрэгжилт байгаа, үгүйгээ үзүүлж, зах хязгаарын цусанд гэнэтийн сахар тодорхойлох багажаар оношлуулах зэргээр эрүүл мэндийн үйлчилгээг оочер дугааргүй, үнэгүй хүртэж буй хөгшчүүлийн царай нэг л баяр хөөртэй байв.
Сурвалжлагч Л.Ганчимэг
Гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ