ХӨСҮТ элэгний С вирусийн шинжилгээ хийх албан ёсны эрхтэй лабораториудыг зарлажээ. Сонгон шалгаруулалтад нийт 18 байгууллага оролцсоноос Австралийн Үндэсний лавлагаа лабораторийн мэргэжил арга зүйн зөвлөгөөнд үндэслэн шаардлага хангасан 10 лаборатори сонгосон байна. Үүнд “Элэгний төв”, “Грандмед”, “Интермед”, “Сонгдо” эмнэлэг, “Гялс” анагаах ухааны төв, “Хаппи веритас”, “Мед-Аналитик”, “Онкоген”, “Стандлаб”, “Итгэл” эрүүл мэндийн төвийн лаборатори С вирусийн нуклейн хүчлийн хэмжээг тогтоох аж. “Эдгээр лабораторид шинжилгээ хийх эрх олгосон ч төлбөр тооцоонд нь хяналт тавих боломжгүй” гэж ХӨСҮТ-ийнхөн хэлэв. С вирус илрүүлэх шинжилгээ дунджаар 20, тоолох нь 160 мянган төгрөгт багтаж буй юм байна. Тухайлбал, “Элэгний төв” илрүүлэх шинжилгээгээ 3000, 120 мянган төгрөгөөр тоолох бол “Гялс” төв 6000, тоолох нь 140 мянга, “Хаппи веритас” илрүүлэх нь 15, тоолох нь 90 мянган төгрөгийн үнэтэй аж.