Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн Засаг дарга зэрэг томоохон албан тушаал хашиж байсан Т.Билэгтийг эзгүйд ар гэрт нь эмгэнэлт явдал тохиолдсон тухай мэдээлэл өчигдөр цахим ертөнцөөр түгэв. Түүний хүү П бусдад хорлогдсон хэмээн сайтууд мэдээлсэн юм.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Зуун модны зусланд “Ланд круйзер” маркийн машинд хүн нас барсан тухай дуудлага энэ сарын 21-нд ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвд ирсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн нарийн шинжилгээ хийсэн. Бусдад хорлогдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөрдөн байцаалт үргэлжилж байна” гэлээ.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Зарим мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл түгээгээд байна. Талийгаач П бусдад хорлогдоогүй. Амиа хорлосон болохыг нарийвчилсан шалгалтаар тогтоосон. Талийгаач дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь нь, 42 настай хүн байсан. Зуун мод дахь зуслангийн байрандаа ирээд машиндаа амиа хорлосон байна.
Тэрбээр эхлээд судсаа ханах гэж оролдсон ул мөр хоёр шуу болон хүзүүнд нь бий. ШШҮХ-ийн шинжээч эмч нарын дүгнэлтээр угаартаж амиа егүүтгэсэн нь батлагдсан. Машиныхаа янданд юм чихээд, улмаар салон руугаа угаарын хий оруулсан болох нь хэргийн газрын үзлэгээр тодорхой болсон.
Гэтэл зарим хэвлэлд ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй олон хоносон гэж бичсэн байна лээ. Тэр даруйд нь мэдэгдсэн, шинжилгээ хийхэд ч оролцуулсан” гэлээ.
Г.РАВЖАА