Өнгөрсөн долоо хоногт хойд хөршид маань нэгэн томоохон үйл явдал болсон ч олны анхааралд бараг өртсөнгүй. Уг нь манай улсад их хамаатай, геополитикийн хувьд Монголын өнөөгийн байтугай ирээдүйн байдалд нөлөөлөх үйл явдал байсан юм. Энэ бол ОХУ-д Хятадын иргэдийг визгүй зорчдог болгох талаар судлаж үзэхийг тушаасан Ерөнхийлөгч В.Путиний зарлиг байлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигт “Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд БРИКС-ийн гишүүн орны иргэдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломж олгох талаар судлаж, аравдугаар сарын 30- наас өмнө танилцуулахыг Ерөнхий сайд Д.Медведевт даалгасугай. Үүнтэй холбогдуулан 1996 онд баталсан ОХУ дахь аялал жуулчлалын үйл ажиллагааны талаарх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахыг даалгаж байна” хэмээн дурджээ.
БРИКС гэдэг нь (BRICS- Brazil, Russia, India, China, South Africa улсын товчилсон нэр) ОХУ, БНХАУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсын нэгдсэн холбоо бөгөөд 2009 онд байгуулагдсан юм. Энэ холбооны гишүүдээс Бразилийн иргэд 2010 оноос ОХУ-д 90 хүртэлх хоног визгүй зорчдог болсон. Мөн Хятадын иргэд жуулчны группт багтан, зохион байгуулалттай аялж буй бол виз авах шаардлагагүй байдаг.
В.Путин тэгэхээр тухайн орны иргэдийг зөвхөн богино хугацаагаар аялахад төдийгүй, дайран өнгөрөх, удаан хугацаагаар оршин суухад таатай нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газартаа даалгажээ гэсэн үг.
Түүний зарлигт визгүй зорчих эрхээс гадна аялал жуулчлалтай холбоотой олон зүйл бий. Үүнд, гадаадын жуулчдад үйлчилж байгаа орчуулагч, хөтөч нарын мэргэжлийн ур чадварыг аттестатчлах, Алс Дорнод зэрэг хөдөө хязгаар нутгийн жуулчны байгууллагуудыг дэмжих, Засгийн газрын дэргэд Гадаад дотоодын аялал, жуулчлалын асуудал эрхэлсэн хороо байгуулах, гол мөрөн, далай тэнгисийн аяллыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн тусгай бүс байгуулах зэрэг олон санаа байна.
Өнгөрсөн 2014 онд ОХУ-д аялах жуулчдын тоо эрс буурснаар Ерөнхийлөгч ийм арга хэмжээ авахад хүрчээ.
БРИКС-ийн орны иргэдээс өнгөрсөн онд ОХУ-д хамгийн их жуулчилсан нь хятадууд. Нийт 409.817 хятад жуулчин Орост аялсан нь 2013 оны мөн үеийнхээс 10 хувиар өссөн үзүүлэлт. Харин Энэтхэгээс дөнгөж 49, Бразилиас 31 мянган жуулчин иржээ. Визгүй зорчдог Бразилиас ийм цөөн жуулчин ирсэн нь сурталчилгаа муу байгаатай холбоотой гэж В.Путин үзэж байна. Харин ӨАБНУ-аас ирсэн жуулчдын талаар албан ёсны тоо байхгүй аж.
Эдийн засгаа хөгжүүлж, мөнгө олъё гэвэл Хятад улстай онцгой, ойр дотно харилцаатай байх шаардлагатай хэмээн эртнээс ярьж, хэлж ирсэн ч тоймтой алхам хийхгүй байсан тул Ерөнхийлөгч ийнхүү өөрийн гараар хийхээс өөр аргагүй болсон бололтой.
ОХУ-ын хүний эрхийг хамгаалагч, цагаачдын асуудлаар мэргэшсэн судлаач Бахром Исмайлов “Ерөнхийлөгчийн зарлигийн гол зорилго бол мэдээж эдийн засгийн ашиг. БРИКС-ийн бусад орон ч энэ уриалгыг хүлээн авч, харилцан визгүй болох эхний алхам тавигдах байх. Гэхдээ Хятад, Энэтхэг гэсэн асар их хүн амтай, том орнуудын иргэдийг бүр мөсөн визгүй болгоно гэдэгт итгэхэд бэрх л байна. Хэрэв огт визгүй болговол тэд бөөн бөөнөөрөө орж ирэн, ОХУ-д ажил эрхлээд суучихна гэж хүмүүс бодож, айж байгаа байх.
Миний бодлоор Засгийн газраас Хятадын иргэдэд богино хугацаагаар визгүй зорчдог эрх олгох ч юм уу, хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргах болов уу” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Ер нь бол визийн дэглэмийг сулруулахад аялагч жуулчдын тоо нэмэгддэг нь дэлхий нийтийн практикаас харагдсан зүйл. Жишээ нь, ОХУ визгүй зорчих зөвшөөрөл өгөнгүүт Израилиас ирэх жуулчны тоо хоёр дахин өссөн бол Турк, Өмнөд Солонгосын жуулчдын тоо 40 хувиар нэмэгдэж байжээ.
Хятадын иргэд визгүй болох сургаар ОХУ-д аялал жуулчлалаар баяжина гэсэн баяр хөөрөөс гадна “харалсан” гадаад ажилчдын тоо нэмэгдэнэ гэсэн айдас ч байгаа гэнэ. Зөвхөн жуулчны группт багтаж байж л ОХУ-д визгүй аялдаг байхдаа хятадууд тус улсад жилд нэг тэрбум ам.долларын ашиг оруулдаг байлаа. Одоо визгүй болчихоор улам олон жуулчин ирэх нь гарцаагүй.
Манай хөрш Буриадад гэхэд л хятад жуулчдаас олох орлогоо хэдийнэ тоолоод эхэлсэн байна. Буриадад жилд тавхан мянган хятад жуулчин ирдэг байсан бол визгүй болсноор 100 мянга гаруй Монголын жуулчдыг тоогоор даван гарна гэж тэд үзэж байна. Гэхдээ мэдээж Хятадаас дан жуулчид л орж ирэхгүй нь ойлгомжтой тул тэдэнд газар, ажлын байраа алдах вий гэсэн айдас гарч байна.
Буриадын “Ариг ус” телевизээс хятадууд визгүй болбол ямар өөрчлөлт гарах вэ гэсэн санал асуулга иргэдийн дунд явуулжээ. Оюна Харитонова (Буриадын аялал жуулчлалын агентлагийн маркетингийн хэлтсийн дарга) “Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Ази-Номхон далайн бүс нутагт чиглээд буй өнөө үед их зөв алхам гэж бодож байна.
Рублийн ханш буурснаар хятад жуулчид худалдаа хийх зорилгоор их ирдэг болсон. Одоо нэг юань 10 рубльтэй тэнцэж байна. Хэрэв хятадууд визгүй болчихвол Улаан-Үд хотынхон өнгөрсөн хаврын монголчуудын “давалгаа” дахин давтагдана хэмээн найдаж, хүлээж болно. Монголчууд визгүй болоод Буриадыг үнэхээр дүүргэсэн”.
Дмитрий Мишин (Буриадын гадаад иргэдийн бүртгэлийн газрын хэлтсийн дарга) “Энэ оны эхний найман сард Буриадад гадаадын 260 мянган иргэн ирсний 96 хувь нь монголчууд байсан. Тэд бараг л бүх юмыг худалдан авч, хамаг дэлгүүрийн лангууг хоослосон. Хятадууд визгүй болчихвол дэлгүүр бараагүй болохоос гадна дэг журам алдагдах юм биш биз гэдгээс буриадууд айж байна. Европт болж буй үйл явдлыг хар л даа. Хэдийгээр Буриад Хятадтай хиллэдэггүй ч иргэд замбараагүй байдал үүсэх байх гэхээс эмээж байна”.
Жен-юй Лю (Буриадын их сургуулийн хятад оюутан) “Хэрэв үнэхээр Хятадын иргэд визгүй зорчдог болчихвол ОХУ-ын аюулгүй байдал алдагдаж, нийтийг хамарсан үймээн самуун гарах эрсдэлтэй. Орж ирсэн хятад хүнийг ямар нэгэн алан хядагч биш, аялагч жуулчин гэдгийг хэн батлах юм бэ”. Тунь-сье Жао (Буриадын их сургуулийн хятад оюутан) “Хятад Орос улс эв найрамдалтай, ойр дотно орон хэдий ч визийн дэглэмтэй байх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн ярьжээ. Визгүй боллоо гээд ОХУ-ын хилийг давсан хятадууд бүгд ажил хийгээд эхлэхгүй ч удаан хугацаагаар оршин суух эрхтэй болно.
Харин буриадууд визгүй болсноор Хятадаас зөвхөн жуулчид биш хөрөнгө оруулагчид ч орж ирэх байх гэсэн өөдрөг бодолтой байгаа юм. ОХУ-ын “Спутник” сэтгүүлд “Хятадуудыг үй олноор нь оруулж ирэх санаачилга “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” гэсэн сайхан уриан дор хэрэгжих гэж байна. Хятадын хар ажилчин, ганзагын наймаачид Сибирийн ой тайга, хот тосгодыг үзэх гэж мөн хүсэж байгаа байх даа.
Өнгөрсөн долоо хоногт манай Засгийн газар кыргызүүдэд элдэв зөвшөөрөл, бичиггүйгээр ажил эрхлэх зөвшөөрөл өгсөн. Гэхдээ тэд дөнгөж таван саяуулаа. Евразийг дамнасан манай уудам их нутаг таван сая хүнийг шингээчихнэ. Харин тэрбум хятадыг бол барахгүй. Хятад ах нар ОХУ-д хэд л бол хэдэн хүн оруулж чадна. Нэг орост хоёр хятад оногдоод эхэлж ч магадгүй.
Зургадугаар сард Өвөр Байгалийн хязгаарт их хэмжээний газар Хятадын компанид түрээслээд байсан нь удахгүй ирэх визгүй хятадуудын амрах газрыг бэлтгэж байсан хэрэг биш биз? Либерал ардчилсан намын депутат Дроздов 2014 оны арваннэгдүгээр сард “Оросын хөдөө орон нутгийн хүнгүй болж хоосорсон тосгон, сууринд хэрэгцээтэй хэмжээний ажиллах хүчийг тусгай хяналтан дор гадаадаас оруулж ирье.
Ажилсаг хичээнгүй хятад, солонгос, япончууд байж болно” гэсэн саналыг Төрийн Думд оруулж байлаа. Тийм ээ, хятад хүн ажилсаг, архи уудаггүй, даргаа муулахгүй, өт хорхойгоор ч хооллочихно. Харин оросууд арьс өнгөөр ялгаварлагч, хүний эрх чөлөө гэж ярих дуртай. Орос байгаа газарт хэрүүл маргаан байнга гарна. Тэгэхээр хэн нь дарга нарт илүү ашигтай харагдаж байна? Ер нь бол хятадуудыг визгүй болгох нь эрт орой хэзээ нэгэн цагт болох л явдал байлаа.
Хэрэв та улс төрийн ямар нэгэн намд харьяалагддаггүй, зүгээр л олон үндэстний асар том гүрний жирийн нэгэн албат бол эзэд чинь таныг өөр зарцаар солиход хэн саад болох юм бэ. Хэн ч чадахгүй. Хятадууд визгүй болсны маргааш нь л танай компаниас утасдаад “Оросууд уу, сонсож бай. Та нар ирэх сараас ажилдаа ирээд хэрэггүй шүү. Оронд чинь хятадуудыг авах болсон. Эдийн засгийн хямралтай, цаг үе хэцүү байна гэдгийг ойлгож байгаа биз дээ” гэж хэлбэл огт гайхах юм алга.
Хятадуудыг визгүй болгох асуудлыг дан ганц аялал жуулчлалтай биш, улс төртэй холбохоос өөр арга алга. Европын зарим орны Зүүний намууд сонгогчдоо Зүүн Европын хуучин социалист улсуудаас экспортлон оруулж ирдэг болоод байгаа. Ядуу зүдүү амьдралаас нь салгасанд талархсан цагаачид тэдэнд саналаа өгөх нь ойлгомжтой. ОХУ-ын Засгийн газар ч энэ талаар мэдэж байгаа нь гарцаагүй. Ингээд л хэсэг хугацааны дараа гадаадын ажилчин, цагаачдад сонгуулийн эрх олгох болно. Хүмүүнлэгийн үүднээс гэж тайлбарлах байх. Орост 11 сая орчим хууль бус цагаач бий.
Энэ чинь удахгүй 11 сая сонгогч болон хувирна. Манай улсад нэгэн сонин систем тогтоод байна. Хүн амын олонх нь европ хүмүүжил, соёлтой цагаан арьстан байдаг. Гэтэл тэднийг Азийн дарангуйллын арга маягаар удирдаад байх юм. Энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй. Нэг бол манай засаг захиргааны системийг өөрчлөх, үгүй бол ард түмнээ тэр чигээр нь солих арга байна. “Ази маягийн удирдлагад ази ард түмэн” гэсэн уриа л яг тохирох нь” хэмээн эгдүүцэн бичжээ.
Ямар ч гэсэн 150 сая хүн амтай Орос орон тэрбум давсан хүнтэй урд хөршийн иргэдийг визгүй зорчдог болгохоос айж эмээж буй нь харагдаж байна. Ялангуяа Хятадтай ойролцоо орших Сибирь, Алс Дорнодод визгүй хятадууд юу авчрахыг цаг хугацаа л харуулах биз ээ. Орос Хятад гэсэн мөнхийн хоёрхон хөрштэй Монгол оронд энэ асуудал харин яаж тусах вэ? Хөршүүд маань Монголоор дамжин харилцдаг байсан бол өөрсдөө шууд харьцдаг болж, бид дамжин өнгөрөх виз гаргаад сууж байдаг, завсрын бүс болох болов уу.
ОХУ-ын Хятадтай хил залгаа бус мужуудад худалдаа наймаа эрхэлдэг монголчуудын бизнес хэцүүдэж, хойд аймгуудын чөлөөт худалдааны бүсийн ирээдүй эргэлзээтэй болно. Хоёр хөрш маань улам бүр дотносон, нөхөрлөж буй нь илт байгаа энэ цаг үед хэрэв тэд харилцан визгүй болбол Монголыг тойрон гарсан аялал жуулчлал, эдийн засаг, улс төр, соёлын холбоо бий болж, манай улс голд нь цагаан толбо болон үлдэх сөрөг нөлөөтэй. Геополитикийн таатай байдал нь алга болж, их далайн дундах бяцхан арал мэт торойн хоцрох магадлал байхгүй гэх газаргүй.
М.СУГАР-ЭРДЭНЭ