Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн галерейн танхимд маргааш олны хүртээл болгох нь. Энэхүү үзэсгэлэнд манай орны өнцөг булан бүрээс ирсэн 20 гаруй хүүхэлдэйн уран бүтээлч оролцож, өөрсдийн шилмэл бүтээлүүдийг нийтэд толилуулах аж. Үүнд уран сайхны, гар хийцийн, театр, анимэйшн, киноны зориулалттай мод, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулиар урласан хүүхэлдэйн бүтээлүүд багтжээ. Эл үзэсгэлэн нь Монголын хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна уламжлалт өв соёл төдийгүй орчин үеийн ололт амжилтуудыг холбосон урлагийн түүхэн шинэ хуудсыг нээж буйгаа онцлогтой гэнэ. Мөн монгол үндэстний ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн хэм хэмжээ, уламжлалт сэтгэлгээг хүүхэлдэйн урлаг хэрхэн өвлүүлэн үлдээснийг харуулахаар зорьжээ. Эдгээр хүүхэлдэй нь тухайн уран бүтээлчдээс нарийн ур хийц, техник ажиллагаа шаардахаас гадна хувь хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, дахин давтагдашгүй онцлогийг багтаасан бие даасан урлагийн бүтээлүүд гэдгээрээ онцлогтой аж.
У.Цэцэг