Хэдхэн хоногийн өмнө л улс нийтээрээ ханиад, томуунд дарлуулж, болохоо байлаа хэмээгээд сургуулиудаа хаасан. Цахимд шилжүүлүүт дэгдэлтийн түвшинд хүрээд байсан өнөөх ханиад, хатгалгаа нь ч дарагдаад, өргөс авсан мэт байхгүй болчхов уу, яав. Ойрд ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн ч томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэнгүй. Бодвол их л “аятайхан” байгаа бололтой. Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийнхны хичээлийг цахимд шилжүүлэхээс өмнө дарга нар эмнэлэг дамнан “хэсэж”, ЭМЯ-ныхан Шуурхай удирдлагын төвийнхнөө байсхийгээд л хуралдуулж, сүрийг үзүүлээгүй бил үү. Ерөнхий сайд Г.Занданшатар хүртэл эмнэлгүүдэд ээлж дараалан оччихсон, хүүхдүүдийн биеийн халууныг үзэж, “жүжиг тоглоод” байсан даг. Тэгтэл одоо юу ч болоогүй мэт амгалан тайван, ашгүй нэг хүүхдүүдиийг хориод авлаа гэсэн шиг нам гүм болцгоох шив.
Эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ хамран сургах тойрог даван сургууль, цэцэрлэгт зөөдгөөс болж түгжрэл ихсээд байна гэдэг хандлагатай албаныханд хичээл сургалтыг цахимд шилжүүлсэн энэ хэдэн өдөр хэл ам, хэрүүл тэмцэлгүй, зам түгжрээгүй, автобус, такси олдоцтой сайхан байх нь аргагүй.
Түгжрэлийг бууруулах хамгийн амархан, “зардалгүй” арга нь ч энэ болж таарав. Гэтэл бага, дунд ангийн хүүхдүүдтэй эцэг, эх, асран хамгаалагчид, багш нарт хүртэл цахим хичээлтэй 14 хоног тамын тогооны үлгэр шиг л өнгөрч байна. Тэднийг харах хүнгүй нь хүүхдүүддээ үл хайхрах хүчирхийлэл үйлдэж, гэрт нь цоожлоод орхиж байгаа. Ямар ч бэлтгэлгүй байхад нь шууд цахимд шилжүүл чихсэн тул багш нар маргааш өдрийн заах хи чээлээ бэлдэхийн тулд өмнөх шөнө нь нүдээ “улаанаар эргэтэл” компьютер ширтэн өнжиж буйгаа ч цахим сүлжээнд илэрхийлсээр ирлээ. Харин энэ бүхнийг тоох эвэртэн туурайтан нэг ч алга.
ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛ НОХОЙД БАРЬДАГ МОД БОЛЖЭЭ
Монголын өвөл эрх баригчдад ээлгүй. Тэр хэрээр далайлт, дарамт, заналхийлэл нь ир гэдийн нуруунд ачаа болж буудаг. Улаанбаатарын утаа, түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал улс төрчдийн толгойны өвчин тул энэ бүхнийг аль болох олон нийтийн анхаарлын төвд аваачихгүйн тулд сайд, дарга нар элдэв арга сүвэгчилдгийн нэг нь сургуулийн үйл ажиллагааг зогсоох явдал юм. Хамгийн хоржоонтой нь, манайд хэзээ, ямар тохиолдолд сургууль, цэцэрлэгийг хааж, нээх тухай тусгайлсан дүрэм журам байдаггүй. Өнгөрсөн хугацаанд дарга нар дур зоргоороо, өөрсдийн тааллаар шийдвэр гаргаж ирсэн гэсэн үг. “Ковид-19”-өөс хойш энэ цикл байнга давтагдсаар өнөөдөртэй золгов.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдар даг хэрнээ л анх удаа өвөл үзэж буй мэт “даараад байна” гээд сургуулиудаа хааж байсан улс үүнээс ч илүүг хийж чадна гэхээр аймшигтай. Өчигдөр л гэхэд өвлийн элсэлтийн шалгалт зохион байгуулах нэрийдлээр цөөнгүй сургуулийн үйл ажиллагааг зогсоож, ахлах ангийнх ныг амраасан байв. Шалгалт авчих анги танхимгүй юм бол Яармагт байрлах, нийслэлийн ЗДТГ, ИТХ-ын олон давхар шилэн барилга бий шүү дээ. Хоосон хөндий, ханхай тэр байшинд элсэлтийн ерөнхий шалтгалтаа авахад яадаг юм бэ. Ёстой л нэг хөл, толгойгүй улс гэж ийм байдаг биз. Хүүхдүүдийн хичээл, сургууль ийн хүссэн болгоных нь тааллаар зогссоор л байх уу.
Ханиад, томуу, шалгалт шүүлэг, хүйтэн нойтонд гэж шалтагласаар байтал энэ улсад сурах хүсэл сонирхолтой хүн ч үлдэхгүй нь. “Хичээл, сургалтыг хэдхэн хоног цахимд шилжүүлэхэд яах вэ, боловсролоос илүү эрүүл мэнд чухал” гэх хүн олон бий ч энэ бол өнгөц дүгнэлт юм. Хичээлийн хоцрогдол урт хугацаандаа маш их урхагтай. Угаас Монголын боловсрол хагас зуун жилээр хоцорч явааг ч хэлэх үү, бүр л хэцүү болох шинжтэй. Ялангуяа улсын сургуулийн хүүхдүүдийн боловсрол нохойд барьдаг мод, юу ч биш болоод удаж байгаа нь үнэн.
НЭГДСЭН СТАНДАРТГҮЙГЭЭС ГЭНЭТИЙН ШИЙДВЭРҮҮД ГАРГАДАГ
Монголд дээр өгүүлсэнчлэн сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргахад үндэслэдэг албан ёсны хууль, тогтоомж, дүрэм журам, нэгдсэн стандарт байхгүй. Тэгвэл бусад улс оронд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, цахимд шилжүүлэх процесс нь ил тод, нарийн тооцоотой, уян хатан мөртлөө хэн ч дур мэдэн өөрчилж болдоггүй хатуу системтэй. Жишээлбэл, Япон Улсад халдварт өвчин дэгдсэн тохиолдолд тухайн сургуулийн нэг ангийн нийт хүүхдийн 20 хувь нь өвдвөл зөвхөн тэр танхимын үйл ажиллагааг цахимжуулна. Сургуулийн сурагчдын 20 ба түүнээс дээш хувь нь халдвар авбал тухайн сургуулийн үйл ажиллагааг түр зогсооно, манайх шиг нийтээр нь биш. Цаг агаарын аюултай үздэгдэл, гамшиг ослын II түвшинд орон нутгийн боловсролын газрын шийдвэрийг үндэслэн сургууль, цэцэрлэгийг түр хаадаг. Эдгээр шийдвэр нь хэзээ ч улс төрийн нөлөөнд автдаггүй гэдгээрээ онцлогтой. Тэгвэл БНСУ-д агаарын бохирдол, тэр дундаа PM2.5-ын хэмжээ тодорхой түвшинд хүрэхэд, халдварт өвчний үед хичээл тасалсан хүүхдийн тоо нэг ангид 30 хувиас давахад цахимд түр шилжүүлдэг байна. АНУ-д тодорхой нөхцөлд хичээл, сургалтын хэлбэрийг өөрчилдөг ч сургууль хаах хугацааг 3-5 хоногоос хэтрүүлэхгүй байх зохицуулаттай. Европын орнуудад ч тодорхой тоон үзүүлэлтэд үндэслэн шийддэг.
Харин манайхан нийгмийн суурь асуудлуудаа шийдэхийн оронд зүгээр л хүүхдүүдээ “хорь чихдог”. Бид уг нь боловсролын багц хуультай. Түүгээрээ ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг. Гэвч ямар нөхцөлд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, үргэлжлүүлэх тухай хуульчилж, журамлаагүй. Тиймээс л шийдвэр ихэнхдээ холбогдох яамдын төлөөллүүдийн саналд үндэслэн гардаг. Тухайлбал, ханиад, томуунаас шалтгаалан сурагчдын амралтад өөрчлөлт оруулах, хичээлийг цахимд шилжүүлэх болЭМЯ өвчний тандалт, судалгаанд тулгуурлан санал боловсруулж, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт хүргүүлэн, шийдвэрлүүлнэ. Сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэрээс үл хамааран амраах, бүхэлд нь цахимд шилжүүлэх, эсвэл төр, хувийнхнаар ангилах, ахлах, дунд ангиар нь салгах гэхчлэн харилцан адилгүй шийдвэрлэж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, нэгдсэн стандарт, дүрэм журамгүйгээс гэнэтийн шийдвэрүүд их гаргадаг гэсэн үг. Энэ нь нийт монголчуудыг сандаргаж, бажгадуулан, ард иргэдийн төр засагтаа итгэх итгэлийг улам үнэгүйдүүлдэг билээ.
МАРТАГДСАН ХИЧЭЭЛ, АЛДАГДСАН БОЛОМЖИЙГ ХЭН НӨХӨЖ ӨГӨХ ВЭ
Танхимын хичээлийг ямар ч шалтгаанаар зогсоосон хамаагүй, дараа нь мартагдсан хичээл, алдагдсан боломж, цаг хугацааг хүүхдүүдэд нөхөж өгдөггүйд л учир буй юм. Боловсролын бодлого цаг ямагт тогтвортой байх ёстой ч аар саар шалтгаанаар тасалдуулахыг дэлхийн аль ч улс оронд хүлээн зөвшөөрдөггүй. Манайх “Ковид-19”-ийн үед ч хүүхдүүдээ гэрт нь хамгийн удаан хорьсон улс болсон шүү дээ. Дэлхийн улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэдийн эхлүүлж, хоцорсон системээ тэр дор нь нөхөж байхад бид “харанхуй бүдүүлэг” хэвээрээ л үлдсэн. Үүний уршгаар эдүгээ “Цар тахлын үеийн боловсролтой” гэх бүхэл бүтэн үе өндийж байна. Дэлхийн банкны судалгаагаар цахим сургалтын үеийн боловсролын түвшинг нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүгнэлт ч гаргасан. Тийм байхад боловсролын салбараа улам хорионд оруулаад байж болохгүй.
Бага ангийнхан өнөөдөр, дунд ангийнхан ирэх долоо хоногт цахимаар хичээллээд танхимын сургалтдаа шилжинэ. Анх эл шийдвэрийг гаргасан даруйд Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлж, цахим хи чээлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн ч авч хэлэлцээгүй. Тэд өчигдөр П.Наранбаярт дахин хандаж, VI-IX ангийнхныг танхимаар хи чээллүүлэх хүсэлт хүргүүлэв. Уг шаардлагад “Бага ангийн сурагчдын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэртэй холбогдуулан бид эцэг, эх, сургуулиудаас судалгаа авсан. Үүнд 51 сургуулийн 28 445 сурагч хамрагдсан бөгөөд тэдний 1908 буюу 6.7 хувь нь л ханиад, томуугаар өвчилсөн байсан. Цахим сур галт нь сурагчдын боловсролын чанар, сурах идэвх, сэтгэл зүйд хүртэл сөрөг нөлөө үзүүлж, төр засгийн гэнэтийн шийдвэр нь багш нарын ажлын ачаалалд хүндрэл учруулан, эцэг, эх чүүдийг ч маш ихээр бухимдуулдаг. Сурагчдыг ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, дархлаажуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр танхимаар хичээллүүлэх бү рэн боломжтой. Тиймээс VI-IX ангийн цахим сургалтыг танхимынхад яаралтай шилжүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах, хүүхдүүдийн суралцах эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна” гэжээ.
ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн ерөнхий боловсролын сургуулиудын танхимын сургалтыг цахимд шилжүүлэхийн өмнөхөн ханиад, томууны дэгдэлтийн оргил үеийг энэ сарын 15-даар тохионо гэж таамагласнаа мэдээлсэн. Албаныхан ч үүнд гол анхаарлаа хандуулж, оргил үеийн дэгдэлтээс сэргийлж, дээрх арга хэмжээг авсан гэх нь тэр. 15-нд ханиад, томууны тархалт оргилдоо хүрч, өдөрт 10-42 мянган хүн амбулаториор үйлчлүүлнэ гээд байдаг. Гэтэл бага ангийнхны өвлийн амралт үүнээс ч өмнө буюу 12-ноос эхлэх хуваарьтай. Дунд, ахлах ангийнхан ч залгуулаад шахам амарчхаж байгаа. Өөрөөр хэлбэл, сурагч дын хичээлийг цахимд шилжүүлсэн, шилжүүлээгүй хуваарийнхаа дагуу, халдварт өвчний оргил ачааллаас өмнө тэд амарчих юм. Тэгэхээр энэ удаагийн цахим хичээл үнэндээ илүү ажил байсан гэдгийг багш нар ч дуу нэгтэй хэлж буй. Ийнхүү сайд, дарга нарын “хүүхдийн төлөө” гаргасан шийдвэр бүр нь эсрэгээрээ тэднийг залхаасан, туйлдуулсан, системийн доройтлын гол хохирогчид болгосоор ирсэн нь харамсалтай. Цаашид ямар нөхцөлд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, цахимд шилжүүлэхээ тодорхой болгож, хуульчлах хэрэгтэй. Хэн дуртай нь боловсролоор тоглодог байж болохгүй биз дээ.