Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүү лэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түү хэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байна. 2010 оны БАЛДОРЖ шагналд тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Хувь тэнцүүлэх сонголт”, “Зорилго нь сайхан ч зохион байгуулагчид нь “хуучин тоосго”-нууд л байна” нийтлэлээрээ “Шилдэг-10”-д шалгарсан юм.
2010-аад оны Монголын нийгэмд ямар асуудал тулгамдаж байв, өдгөө дээрдэж өөрчлөгдсөн үү, эсвэл бахь байдгаараа байна уу гэдгийг та бү хэн эндээс тольдох боломжтой.
Монголын ардчилал 20 жилийнхээ босгон дээр шинэ сонголт, шинэ сорилын өмнө ирлээ. Энэ нь олигархжсан, бүлэглэлүүдэд үйлчилж тэрбумтан төрүүлдэг одоогийн төрийн бүдүүвчийг ардчилсан төрийн байгууламжаар задлах тайван замын хувьсгал юм. Ийм хувьсгал хийх үгүй нь, хийлээ гэхэд үр дүнд хүрэх эсэх нь гишүү дийн өнөөдрөөс хэлэлцэх УИХ-ын Сонгуулийн ту хай хуулиас шууд хамаарна. Сонгуулийн хуулийг өөрчилж байсан туршлага Монголын парламентад бий. Харамсалтай нь, тэр болгонд улс орон, ард тү мэнд тустайг нь бус, аль болох өөрсдөө сонгогдох магадлалтайг нь хуульчилж ирсэн билээ.
Нэг
Дэлхийн улс орнуудад сонгуулийн үндсэн гурван том тогтолцоо бий. Мажоритор, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн, холимог гэж. Мажоритор нь ердийн олонхи, 50+1, нэг ба олон мандаттай зэрэг хэд хэдэн хувилбартай. Энгийнээр тайлбарлахад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь сонгогдохыг можаритор тогтолцоо гэдэг. УИХ-ын 1992, 2008 оны сонгуулийг олон мандат бүхий томсгосон 26 тойргоор, 19962004 оны сонгуулийг нэг тойрог-нэг мандат бү хий мажоритороор явуулсан. Харин Үндсэн хуулийг батлахаас өмнө Улсын Бага Хурлыг пропорциональ хувилбараар бүрдүүлсэн юм. Можаритор тогтолцоо нь нэг сонгогч-нэг санал гэсэн ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг зөрчсөн, нэг гишүүний УИХ-д төлөөлөх сонгогчдын тоо харилцан адилгүй, Сонгуулийн ерөнхий хороонд хэт эрх мэдэл олгосон, маш их савлагаатай буюу сонгогчдын саналыг олноор гээгдүүлдэг зэрэг сул тал ихтэй.
Жишээ нь, 1992 оны сонгуульд ардчиллын төлөөх намууд сонгогчдын 47, МАХН 53 хувийн санал авсан байдаг. Гэтэл парламентын суудлын хуваарилалт нь МАХН 70, ардчиллын төлөөх намууд дөнгөж зургаан суудал. 2000 онд МАХН нийт сонгогчийн 52 хувийн саналаар л 76 суудлын 72-ыг авч, үлдсэн 47 хувийн санал парламентын гадна үлдэж байв. Нэг Их хурлаас нөгөө Их хуралд төлөөлөх гишүүдийн чадвар муудаж, сонгууль мөнгөнд хөлбөрөх болсон нь ч мажоритор тогтолцооны гажиг билээ.
Ийм савлагаагүй, сонгогчдын саналыг гээдэггүй тогтолцоо бол пропорциональ хувилбар. Сонгогчид намуудын төлөө саналаа өгч, тухайн намын авсан саналын хувиар парламентын суудлыг хуваарилахыг пропорциональ тогтолцоо гэдэг. Энд улсаа тойрог болгож 76 хуваахгүй. Монгол Улс бүхлээрээ нэг тойрог болно. Гэхдээ нийт сонгогчийн тодорхой босгыг давсан нам парламентад суудал авна. Ингэж босго тогтоохгүй бол олон жижиг нам парламентад орж ирээд засгаа байгуулж чадахгүйд хүрдэг. Үүний хамгийн том жишээ бол Израиль. Энэ улсын сонгуулийн хуульд нэг хувийн босготой. Харин хамгийн өндөр босго тавьсан улс бол Грек. 17 хувь байдаг гэж уншиж байсан санагдана. Ихэнх улс таван хувийн босготой. Таван хувийн босго бол манай улсад хамгийн тохиромжтой. Нийт сонгогчийн таван хувийн саналыг авсан нам УИХ-ын 76 суудлын таван хувь буюу дөрвөн суудлыг авна. Парламентад өнөөдрийнх шиг ганц хоёрхон суудалтай нам гэж пропорциональ тогтолцоонд байхгүй. Таван хувийн босгыг давсан буюу хамгийн цөөндөө дөрвөн суудалтай нам байх нь. Намыг сонгодог болохоор пропорциональ хувилбарт бие даагч гэсэн ойлголт байхгүй. Энэ нь улстөрийг ганц хүн биш, нийгэм дэх сонирхлыг өөртөө “цуглуулж” түүний илэрхийлэл болж байдаг улс төрийн нам хийдэг гэдэг сонгодог утгатай ч дүйнэ. Намаараа хариуцлага хүлээдэг учраас өнөөдрийнх шиг ганцаарчилсан богино зайн улстөр хийх шаардлагагүй. УИХ-д сонгогдсон хойноо ямар нэгэн эрх ашиг, албан тушаалын төлөө нам сольдог гаж үзэгдэл ч алга болно. Улсаараа нэг тойрог учир төсвийг батлахдаа тойргийн нэрээр тэрбумаар нь өөртөө хуваарилах боломжгүй. Ер нь л улс төрийн системээ дархлаажуулахын тулд популист улстөрчдийг, нэг хүний, компанийн намуудыг УИХ-д орж ирээд улс орны хэмжээний асуудалд хувийн тоглолт хийх боломжийг пропорциональ тогтолцоо, түүний босгоор хаадаг. Манай улсад аажимдаа хүчирхэг 2-3 намын тогтолцоо бий болоход сонгуулийн энэ тогтолцоо чухал ач холбогдолтой.
Хоёр
Пропорциональ тогтолцоог хоёр шалтгаанаар манай улсад хэрэглэх боломжгүй гэж зарим улстөрч хэлдэг. Нэгд, пропорциональ тогтолцоо бол намыг дугуйлдаг тул хүний төлөө санал өгөх Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө. Хоёрт, тухайн намыг сонгуульд төлөөлөх 76 улстөрчийг урьд чилан эрэмбэлдэг учраас намын удирдлагуудад хэт эрх мэдэл төвлөрнө гэдэг. Намууд 76 нэр дэвшигчээ тодруулахдаа дарга нар, олигархууд нь жагсаалтын эхэнд багтаж, шударга нь жагсаалтын адагт бичигдэнэ гэсэн болгоомжлол байдаг. Гэтэл пропорциональ тогтолцоо олон хувилбартай. Ихэнх улсад пропорционалийн арав гаруй хувилбарыг л өөрийн орныхоо онцлогт тохируулан илүүтэй хэрэглэдэг. Пропорциональ хувилбараар сонгууль явуулахад намуудын авсан саналаар парламентын суудлыг хуваарилах ч, УИХ-ын гишүү дийг тодруулахдаа Үндсэн хуульд нийцүүлж болно.
Пропорциональ тогтолцооны загварт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг нээлттэй ба хаалттай гэж ангилдаг. Нээлттэй гэдэг нь нийт нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг сонгогчдод өгч тодорхой нэг нэр дэвшигчийг сонгох боломжийг ард түмэнд өгдөг. Сонгогч МАХН-ын төлөө саналаа өгсөн ч, АН-ын хүнийг сонгох боломжтой. Сонгогч намын төлөө саналаа өгөхийн зэрэгцээ намуудын санал болгосон нэр дэвшигчдээс нэгийг нь сонгоно. Энэ бол сонгогч хүний төлөө санал өгөх Үндсэн хуулийн зарчимтай нийцэж байгаа юм. Намууд УИХ-ын нийт гишүүдийн тоогоор буюу 76 хүртэлх нэр дэвшигчээ тодруулж тодорхой эрэмбэнд оруулж жагсаагаад СЕХ-оор батлуулна. Сонгууль дууссаны дараа намын жагсаалтын 76 хүнээ ард түмнээс авсан хамгийн олон саналын дарааллаар дахин эрэмбэлж сонгуулийн дүнд авсан суудалдаа хуваарилна. Жишээ нь, Ерөнхий сайд асан С.Баяр намын дарга гэдэг утгаараа МАХН-ын 76-гийн нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Гэтэл тэр суудлын хуваарилалт хийх мөчид ард түмнээс авсан саналынхаа тоогоор дээрх 76-гийнхаа аравдугаарт эрэмбэлэгдэж болно. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын жагсаалтын 76-д бичигдэж болно. Харин тэр суудал хуваарилах үед сонгогчдоос авсан саналынхаа тоогоор 76 дотроо дээшлээд эхний аравт багтах ч боломжтой. Өөрөөр хэлбэл, намын листэд жагсаасан 76 нэр дэвшигчээ ард түмнээс авсан саналынх нь тоогоор дахин эрэмбэлж авсан суудалдаа хуваарилна гэсэн үг.
Түүнчилэн намын нэрсийн жагсаалтын эрэмбэ, сонгогчдоос авсан саналын тоо хоёрын дундаж рейтингээр авсан суудалдаа хуваарилалт хийдэг арга ч бий. Жишээ нь, АН Үндэсний зөвлөлдөх хороогоороо 76 нэр дэвшигчээ тодруулж, тэднийг намд оруулсан хувь нэмэр, олон түмний итгэлийг даах чадвар зэрэг улстөрчийн шинжээр нь чансаа тогтоож эрэмбэлсэн гэж үзье. Ингээд сонгуулийн дүнд сонгогчдын 50 хувийн саналыг авсан бол УИХ-ын 76 суудлын мөн тавин хувь буюу 38 нь тус намд ногдоно. Энэ 38 суудлаа хуваарилахдаа намын жагсаалтын эхний 38 хүн, мөн сонгогчдын саналаар хамгийн олон санал авсан 38 хүн энэ хоёрын дунджийг харьцуулан дахин эрэмбэлнэ. Нэлээд олон оронд хэрэглэдэг пропорциональ тогтолцооны энэхүү хоёр арга бол хүний төлөө санал өгөх Үндсэн хуулийн зарчимтай нийцэхийн дээр, суудал хуваарилахдаа сонгогчдоос авсан саналын тоогоор улстөрчдөө эрэмбэлдэг учраас намын удирдлагуудад хэт эрх мэдэл төвлөрөхөөс хамгаалах бүрэн боломжтой. Тэгэхээр пропорциональ хувилбар Үндсэн хуультай зөрчилдөнө гэх яриа бол үнэндээ улстөрчийнхөө нэр хүндээр биш, мөнгөөрөө УИХ-д сонгогддог хүмүүсийн сонгуулийн тогтолцоог өөрчлүүлэхгүй гэсэн л шалтаг. Үндсэн хуульд гар хүрэхгүй гэдэг нь ч сонгуулийн одоогийн тогтолцоог өөрчлүүлэхгүй гэсэн популистуудын санаархал юм.
Гурав
Пропорциональ тогтолцоог дэмжихгүй гэсэн хэсэг ялангуяа МАХН-ын бүлэгт хүчтэй байна. Тэдгээр нь УИХ-д шинээр орж ирсэн залуус, бизнесмэнүүд, нам дотроо эрэмбэлэхэд эхний 38-д багтахгүй ч, хэтэвчний зузаанаар аль нэгэн жижиг тойргийг өөртөө автономит болгож чадах мөнгөтэй хүмүүс бололтой. Харин МАХН-ын бүлгийн дундаас дээш насныхан пропорциональ хувилбарыг дэмжиж буй. Тэд парламентад олон удаа сонгогдож нийгэмд танигдсан учраас намдаа дээгүүр эрэмбэлэгдэх магадлалд л найдаж пропорционалийг дэмжиж байгаа болов уу. МАХНын бүлэг дотор байгаа энэхүү хоёр байр суурийн зөрүү нь улстөрчид аль болох өөрсдөө сонгогдох магадлалтай хувилбарыг л дэмждэгийн нотолгоо юм. Улстөрд мөнгөнөөс туршлага нь илүү хэрэгтэй л дээ. Хэрвээ өнөөдрийн можаритор тогтолцоо хэвээр үлдвэл ирэх сонгуулиар Г.Өсөхбаяр, А.Сүхбат аварга, Б.Гантогтох гарьд, магадгүй Асашёорюү Д.Дагвадорж, зарим дуучин аймаг орон нутгаасаа сонгогдоод гараад ирэхийг үгүйсгэхгүй. Зарим нь нэр дэвших санаагаа ч хэлсэн байна лээ. Тэдэн дээр одоо УИХ-д байгаа Б.Бат-Эрдэнэ аварга, Кёкүшүюзан Батбаяр нарыг нэмбэл парламентад бараг бөхчүүдийн бүлэг байгуулагдана. Ийм нутгийн фактор өндөртэй алдартнуудыг тохиолдлын, гэнэтийн улстөрч болгох боломжийг пропорциональ тогтолцоо л хаадаг. Үүгээрээ пропорциональ тогтолцоо парламентын хөгжилд ч хувь нэмэртэй.
Дөрөв
Намууд авсан саналынхаа хувьд тохирох парламентын суудлыг хэрхэн хуваарилах нь хамгийн чухал. Хэрэв сонгуулийн хуулийг ач холбогдлоор нь жагсаавал пропорциональ хувилбар өөрөө нэгдүгээрт, ийм хувилбараар явуулсан сонгуулийн үр дүнгээр авсан хувьдаа харгалзах суудлыг намууд хэрхэн хуваарилах нь хоёрдугаарт орно гэж судлаачид үздэг. Намуудын гаргаж буй нэрсийн жагсаалт үнэхээр намын удирдлага, эсвэл цөөн хүн, бүлэглэлийн үзэмжээр шийдэгдэх өндөр магадлалтай. Мөн жагсаалтын тавиас хойш бичигдсэн нэр дэвшигчид “тэртэй тэргүй сонгогдохгүй, суудлын хуваарилалтад багтахгүй” гэдэг шалтгаанаар сонгуулийн үеэр ажиллахгүй байх талтай. Энэ эрсдэлээс гарах гарц нь сонгогч намыг дугуйлж, үүний сацуу нэг сонгогч нэг саналын эрхээр хангагдах буюу нийт дэвшигчдээс нэгийг сонгох хувилбар юм. Энэ бол манай Үндсэн хуульд нийцсэн, сонгогчдын шууд сонгох эрхэд халдаагүй хамгийн оновчтой арга. Сонгогчдын нэр дэвшигчийн төлөө саналаа өгч сонгох эрх хадгалагдана. Харин зөвхөн намын эрэмбэлсэн жагсаалтаар авсан суудлаа хуваарилдаг “хаалттай нэрсийн жагсаалт” бүхий хувилбар бол УИХ-д суудалтай намууд болон бүлэглэлүүдийн хуйвалдаан болно. “Хаалттай буюу хатуу” нэрсийн жагсаалтыг маш цөөн оронд хэрэглэдэг. Хэрвээ энэ хувилбарыг сонговол ард түмний сонголтыг хааж, дээр нь Үндсэн хуулийн “УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгоно” гэсэн заалтыг зөрчих болно.
Тав
Төр засгийг намаар дамжуулж байгуулдаг нь үнэн л юм бол намын хариуцлагыг дээшлүүлж парламентын ардчиллыг хөгжүүлэхэд пропорциональ тогтолцоо хамгийн чухал. Түүнчилэн одоо манай хавтгайраад байгаа намаар дамжсан томилгоо, намын дарга-Ерөнхий сайд нэг байх нь пропорциональ тогтолцооны зарчимтай хамгийн их нийцнэ. Өнөөдрийнх шиг өөх ч биш, булчирхай ч биш явснаас л дээр. Судлаачид можаритор тогтолцоог дунд сургуулийн, пропорционалийг их дээд сургуулийн, холимог хувилбарыг академик боловсролын программ гэдэг юм билээ. Бид 20 жилийн турш дунд сургуулийн хөтөлбөрөөр сонгуулиа хийж ирлээ шүү дээ. Одоо их, дээд сургуулийн хөтөлбөр үзье л дээ. Хүний амьдралаар бодсон ч, 20 жил дунд сургуульд сурдаггүй биз дээ. Дунд сургуулийн боловсролтой хүн, их дээд сургуулийн боловсролтой хүн хоёрын амьдралаа аваад явах чадвар ч, улс орондоо оруулах хувь нэмэр ч харилцан адилгүй билээ. УИХ бол үндэсний хэмжээний бодлого боловсруулах ёстой төрийн байгууламж болохоос тойргийн хэмжээнд сэтгэдэг “уран сайханчдын цуглуулга”, юм уу эдийн засгийн бүлэглэлүүдийн төрөөс тэрбумтан төрүүлдэг түшиц газар нь биш билээ. Сонгууль бол төлөөллийн ардчиллаар дамжуулж засгийн эрхийг барьдаг ард түмний өмч болохоос санхүүгийн эрх мэдэлд хүрсэн олигархуудын төрийн эрх мэдлийг хадгалж байх хэрэгсэл нь биш билээ. Сонгуулийн үр дүнг сонголт хийсэн ард түмэн нь хүртдэггүй, сонгогдсон гишүүд нь л хөлждөг одоогийн тогтолцоог ядаж хоёулаа хувь тэнцүүхэн (пропорционалиар) хөлждөгөөр солих юмсан.
Зорилго нь сайхан ч, зохион байгуулагчид нь “хуучин тоосго”-нууд л байна
Аливаа хувьсгалд 15-20 жилийн дараа засвар ордог гэдэг. Арав биш, яагаад заавал 15-20 жил гэдэг нь “үзэл санаа олон түмэнд хэзээ хүрнэ, тэр цагт хувьсгал хийгддэг” гэдэг Лениний үгтэй холбоотой ажээ. Энийг одоогийн нөхцөлд буулгавал төрийн тогтолцооны гажуудлыг ард түмний олонх хүлээн зөвшөөрч, шинэ үзэл санаа хүсэмжилтэл 15-20 жил шаардлагатай бололтой. Яг ийм хүлээлт, ардчиллын 20 жилийн босгон дээр Ардчилсан хүчний холбоо “Монголоо шинэчилье” уриан дор их хурлаа хийлээ. Гэвч тус холбоо бол цаасан дээрх бүртгэл нь төрийн бус байгууллагын статустай л болохоос цаад зорилго нь улс төрийн шинжтэй улс төрчдийн л байгууллага. Энэ нь холбооны ерөнхийлөгч З.Энхболдын илтгэлээс ч харагдана. Ерөнхийлөгчийнх нь илтгэл, холбооны гол лидерүүд, удирдлагын бүтцээс ч Монголоо шинэчлэх итгэл найдварыг олж харсангүй.
З.Энхболд илтгэлдээ холбооныхоо гол зорилгыг “хэлбэрийн ардчиллыг агуулгын болгоно” гэж тодотгов. Гэтэл Монголын ардчилал анхнаасаа л хэлбэрийн байсан уу гэвэл, үгүй. Агуулгаар эхэлсэн нялх ардчиллыг замын дунд хэлбэрийн болгосон хүмүүс нь улстөрчид. Тэр дундаа, бодитой хувь нэмэр оруулсан нь өнөөдөр Ардчилсан хүчний холбоог байгуулаад явж байгаа З.Энхболд, Р.Амаржаргал, Г.Батхүү, С.Эрдэнэ, Д.Ганхуяг тэргүүтэй АН-ынхан. Тэд ардчиллын 20 жилийн түүхэнд УИХ-д хууль баталж, төр түшилцэж, АНын нэгдүгээр эгнээний улстөрчдийн тоонд багтаж явсан. Эдгээр хүмүүс тухайн үедээ Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, төрийн сайд АН-ын дарга, нийслэлийн АН-ын даргын албыг хашиж явсан. Холбооны ерөнхийлөгчийн илтгэлд дурдсанаар сонгуулийг луйвар болгох, баялгийг оновчгүй хуваарилах, нийгэмд шударга ёс алдагдах тийм тогтолцоог бий болгоход гар бие оролцсон хүмүүсийн төлөөлөлд ч Ардчилсан хүчний холбоог үүсгэн байгуулагчид багтана. Тэд өөрсдөө ч үүнийг үгүйсгэж чадахгүй юм. Энэ утгаараа хэлбэрийн ардчиллыг агуулгын болгохыг тунхаглаж байгаа Ардчилсан хүчний холбоог хожимдсон, эсвэл зүгээр л “Ухаарлын холбоо” гэж нэрлэвэл илүү оновчтой ч юм шиг. “Монголоо шинэчилье” биш, “Монголоо хөгжүүлье” гэсэн бол энэ холбоог улстөрөөс салгаж төрийн бус байгууллагын статус руу илүү нааж ойлгоно. “Монголоо шинэчилье” гэдэг бол шинээр эрх мэдэл хүсэмжилсэн улс төрийн утгатай, 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди “2004 он шинэ сонголтын жил байх болтугай” гэж хэлсэнтэй адилаар тайлбарлаж болох юм.
Улс төрчид хийсэн алдаагаа засах гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ цаад зорилго нь сайхан санаагаа дор нь үгүйсгэх юм. Энэ тухай холбооны ерөнхийлөгч илтгэлдээ, Удирдлагын зөв бүтэц бий болгоно. Шинэ нийгмийн байгууламжийг хуучин “тоосго”-оор барьдаггүй гэв. Тэгвэл З.Энхболд нарын Ардчилсан хүчний холбоог зохион байгуулагчид ч Монголын улстөрд бас л “хуучин тоосго”-нууд шүү дээ. Бүр тодруулбал, төрийн тогтолцоог гажуудуулсан, агуулгын ардчиллыг хэлбэрийн болгосон гол авторуудын нэг хэсэг нь Ардчилсан хүчний холбооныхон өөрсдөө. Ард чиллын 20 жилийн түүхэнд, төрийн эрх мэдлийн хуваарилалтад ийм “бүтээл” хамтарч туурвисныхаа үр дүнг ч албан тушаал, санхүүгийн эрх мэдлээр хүртсэн хүмүүсийн нэг хэсэг нь бас л Ардчилсан хүчний холбоог зохион байгуулагчид билээ.
Ийм л “хуучин тоосго”-нууд З.Энхболд гишүү ний илтгэснээр шинэ нийгэм байгуулж, Монголоо шинэчилнэ гэдэгт хүмүүс итгэх үү. Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, төрийн сайд, АН-ын дарга гээд эрх мэдэлтэй үедээ хийгээгүй шинэчлэлээ сул гишүүн байх энэ үедээ хийж чадах уу, тэд. Өөрсдийг нь хүрээлсэн журмын нөхдийнхөө нуруун дээр гишгэчиж олонд танигдчихаад, ядарсан үед нь тэднийгээ гудамжинд хаяад өөр намын хаяа барааддаг Ж.Батзандан, О.Магнай нарыг хүмүүс хүлээж авах уу. Том намын хаягаар хүлээж авлаа гэхэд тэднийг иргэний нийгмийн баатар болж явсан 2004-2008 оных шиг нь хүрээлэх үү, үгүй л байх. Ер нь бол Монголоо шинэчлэх (уг нь хөгжүүлэх юм) гэдэг бол гоё зорилго. Харин үүнийг тунхаглаж яваа хүмүүс нь зурагдсан пянз шиг болтлоо улстөрд удаан явсан, хамгийн гол нь өнөөдрийн нийгмийн гажуудлыг бий болголцсон, мөн чанараа таниулсан ултөрчид байгаа нь Ардчилсан хүчний холбоог АН доторх бас нэгэн эрх мэдлийн төлөөх фракц болгон харагдуулж байна. Одоо бол зорилго нь сайхан ч, зохион байгуулагчид нь өнөөдрийн гажуудсан тогтолцооны “хуучин тоосго”-нууд л байна.
Ардчилсан хүчний холбооныхон засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх Үндсэн хуулийн зарчим алдагдсан байна, бид үүнийг засна гэв. Ард түмний нэрийг барьж байгаа л хэрэг. Эрх мэдэл ард түмнээс алдагдсаныг тэд яасан хожуу мэдэж байх юм. Ард түмэн бол саналаа худалдаагүй. Харин Ардчилсан хүчний холбооныхон багтсан АН л ард түмний саналыг олонхид, тэдний сонгогдсон УИХ л төлөөллийн ардчиллыг санхүүгийн бүлэглэлүүдэд худалдчихсан шүү дээ. Өнөөдөр төрийн эрх мэдэл ч, сонгууль ч санхүүгийн эрх мэдэлтэй олигархиудын дүрмээр, хүслээр явж байгаа. Хорин жилийн туршид сонгуулиас сонгуульд сайжруулсан, ийм нарийн зохион байгуулалтад оруулсан тогтолцооны гажуудлыг ердийн нэгэн төрийн бус байгууллага засч залруулна гэдэгт олон түмэн итгэх үү. Итгэхгүй, тэгээд ч боломжгүй. Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллага нь үнэн л юм бол дан улстөрчдөөс бүрдсэн гэдгээс Монголд байгаа 600 гаруй төрийн бус байгууллагаас өөрөөр ялгарахгүй. Илүү эрх мэдэл ч үгүй.
Зорилгоо буруу тодорхойлсон бас нэгэн томъ ёолол энэ холбоонд бий. Ардчилсан хүчний холбоо бол намаасаа түдгэлзсэн төрийн албан хаагчдын эрх ашиг, үзэл бодлыг хамгаална гэж гишүүд нь удаа дараа ярилцлага өгч байгаа. Хэрэв тэд энэ зорилгоо хэрэгжүүлнэ гэвэл арайхийж намын харьяалалгүй болгосон төрийн албыг дахин улстөржүүлснээс ялгаагүй болно. Төрийн албан хаагчдын эрх ашгийг улс төрчдөөс бүрдсэн төрийн бус байгууллага хамгаалдаг ч юм биш. Хамгаалахдаа тулбал, тэдэнд хамт олны сайн дурын үндсэн дээр байгуулсан Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, төр засгаас байгуулсан Төрийн албаны зөвлөл гэж бий.
Улс төрийн зорилгоо Ардчилсан хүчний холбооны зарим гишүүн ил мэдэгдэж байгаа бол, ерөнхийлөгч З.Энхболд нь “хамтарсан засаг байгууллаа гээд ажил удаашралтай, үхээнц байна. Хамтарч Засгийн газар байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Үлдэж байгаа хугацаанд бид Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно” гэв. З.Энхболд УИХ-ын гишүүний хувьд “би” гэсэнгүй. Харин холбооныхоо их хурал дээр “бид” гэж холбоогоо төлөөлөн мэдэгдлээ. Энэ нь Ардчилсан хүчний холбоо улстөрийн шинжтэй, арай л өргөн зохион байгуулалттай болохоос “Алтан гадас”-аас өөрцгүйг харуулав. З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр намын даргад өрсөлддөгтэй адил, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарыг АН-ын даргыг булаацалдаж байх үед “Алтан гадас” ч анхандаа хөгжлийн төлөө төрийн бус байгууллага л гэж гарч ирж байв. Өнөөдөр ямар байгууллага болсныг бүгд мэднэ. МАХН-д Зүүний хүчний холбоо гэж байгуулсан. Тэглээ гээд Монголд шинэчлэл бус, МАХН-д нэг бүлэглэлийн ноёрхол тогтоож явж буйг улстөрийн хүрээнийхэн гадарлаж л байгаа.
“Хуучин тоосго”-оор шинэ “байшин барих”-гүйд зохион байгуулагчид нь өөрсдөө ч итгэлтэй байв уу, эсвэл том зорилго нь АН доторх эрх мэдлийн төлөөх жижиг амбийцад дарагдсан болоод тэр үү, ямар ч гэсэн Ардчилсан хүчний холбооны их хурал нийгэмд тарьсан дуулиан, үүсгэсэн хүлээлт шигээ сүржин болж чадсангүй. Үүний оронд ардчиллыг хэлбэрийн болгоход гар бие оролцож, хувь нэмэр оруулсныхаа төлөө ард түмнээсээ эхлээд уучлал гуйчихсан бол тэр нь тус холбооны зорилгод итгэх итгэлийг нэмэгдүүлэх байлаа.
Г.Отгонбаяр