
"Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа" төслийн нээлт өнөөдөр Русский дом-д боллоо. Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улсын Ховд аймгийн Манхан сумаас Оросын Бийск Алтайн хязгаарт 1200 тэмээн цуваагаар фронтод хүмүүнлэгийн тусламж хүргэж байсан. Төслийн хүрээнд Монголын ард түмний дээрх сайн үйлсийг нэхэн санаж, эр зоригийг сурталчлан таниулах, элэг нэгт улсуудын харилцан туслалцаж ирсэн түүхэн дурсгалыг мөнхжүүлэх зорилготой юм.
Уг төслийг Монголын "Үнэнч андууд" холбооноос санаачлан хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд тус холбооны идэвхтнүүд 1942-1943 онд тэмээний цувааг даван туулсан замаар аялах юм.
Мөн тэмээн жингийн түүхэн замналыг нарийвчлан гаргах, дурсгалын самбар, багана босгох, үйл явдлын талаар шинэ мэдээлэл цуглуулах чиглэлээр ажиллана. Экспедицид оролцогчид Монгол Улсын Ховд, Баян-Өлгий болон ОХУ-ын Горно-Алтайск, Бийск, Барнаул хотуудад түүхэн гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэн гаргаж, Монголын ард түмний түүхийн энэхүү гайхамшгийн талаар нутгийн иргэдэд лекц унших юм.
Тус холбооны эцсийн зорилго нь тэмээний цувааг дагасан аялал жуулчлалын шинэ маршрут бий болгох, Монголын нүүдэлчдийн соёлыг дэлгэрүүлэх явдал юм. Цаашид ч энэ замаар монгол тэмээт экспедиц зохион байгуулж түүхэн гавьяагаа давтахаар төлөвлөжээ.
Төсөл нээлт 1941-1945 онд амь үрэгдсэн 87 Монгол туургатны болон манай элэг нэгтнүүдийн нэрсийг байрлуулсан “Тогоруу” хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлжээ. “Үнэнч андууд” холбооныхөн мөн Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд А.Н. Евсиковт төслөө танилцуулсан юм.