Улсын хэижээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байна. Зээлтэй ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6%-г зээлийн төлбөрт суутгуулж, үлдсэн 17%-ийн орлогоороо эм тариа, ойр зуурын хэрэгцээгээ хангахад хүрэхгүй байгаа талаар тэд өмнө санал бодлоо илэрхийлж байсан.
Зарим ахмадуудын тэтгэвэр тэр чигтээ зээл төлөхөд зориулагдаж байна. Энэ хүрээнд нийт тэтгэврийн зээлийн 95%-ийг олгодог Төрийн банк, Хаан банк болон мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Монголбанкны удирдлагуудтай УИХ-ын дарга Н.Учрал уулзлаа.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах, ачааллыг бууруулах, ахмадууд руу чиглэсэн санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй байх асуудлаар иргэдийн саналыг уламжиллаа.
Жишээ нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад 8 сая төгрөгийн зээлийг жилийн 17.8% хүүтэй авахад, хугацаа богино байх тусам гарт нь үлдэх мөнгө эрс багасдаг.
- 12 сарын хугацаатай бол сар бүр 733 мянган төгрөг төлж, ахмадад ердөө 67 мянга л үлдэнэ.
- 24 сарын хугацаатай бол 401 мянга үлдэнэ.
- 36 сарын хугацаатай бол 512 мянган төгрөг гарт үлдэж, ахмадын амьжиргаанд бодит нэмэр болно.
Тийм учраас эхний ээлжинд одоо 18 сараар авсан тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох, сар бүрийн зээлийн ачааллыг бууруулах боломжийг судлах, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Монголбанк 12-р сарын 11-нд Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, одоо 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээ илэрхийллээ.