Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоог спортын хүрээллийнхэн мэднэ. Сутай хайрхны оройд хийморио сэргээн, сумынхаа баг, тамирчдыг дасгалжуулж, тэмцээнд сойдог тэрбээр хүү Н.Хэрлэн, охин Н.Сэлэнгэ нарыгаа мөсөнд авиралтын спортод мэргэжлийн тамирчнаар бэлтгэсэн.Тэд бол эл спортыг дэлхийн тавцанд гаргасан гэр бүл. Жил бүрийн нэгээс гуравдугаар сарын хооронд Ази, Европт тив, дэлхийн болон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болдог. БНСУ-ын Чонсон хотод 2018 онд болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнийг Азийн АШТ-тэй хамтатган зохион байгуулахад Монголын багаас хоёр тамирчин шагнал (II, III байр) хүртсэний нэг нь түүний хүү Н.Хэрлэн, нөгөө нь Д.Энхбаатар байв. Өвлийн спортоос мөсөнд авиралтын төрөлд улсдаа анхны медалийг авчирсан түүх ийн эхэлсэн. Үүнээс хоёр жилийн дараа Н.Хэрлэн хурдны төрөлд хүч сорин түрүүлж, ур чадвараараа тивийн шилдгүүдтэй эн зэрэгцсэн юм. Тамирчдын амжилт жилээс жилд ахиж байгаа нь түүний эл спортод бүхий л амьдралаа зориулсан итгэл найдвар, сэтгэл зүтгэл, хөдөлмөртэй салшгүй холбоотой. Х.Нямдоо багшийг дасгалжуулагч болоход нь зочноор урьж, яриа өрнүүлэхэд тэрбээр “Уулын спорт амаргүй ч гэлээ зорилгынхоо төлөө тэмцэх тэвчээр, хатуужилд сургадаг юм. Ийм чадварт сурахад сэтгэлийн хат, эр зориг, тууштай байдал их нөлөөлдөг. Алтайн өндөр оргилуудад зориг гаргаж авирахад “Хүмүүсийн итгэлийг бүү алд, хичээгээрэй” гэж шивнэх шиг санагдсан. Хайрхныхаа шивнэсэн үгийг би сэтгэлдээ олон жил тээж явна. Уултай нөхөрлөсөн он жилүүд олон дурсамж үлдээжээ. Уулын спортынхон хүүхдүүдээ өөрийнхөө үргэлжлэл болгож хичээллүүлэхээс татгалздаг. Харин би хүү, охиноо мөсөнд авиралттай нөхөрлүүлсэн. Тэд өөрийн хүсэл, сонирхлоор үүнийг сонгосон юм. Мөсөнд авирах зоригтон тийм ч олон биш шүү дээ. Гэхдээ би хүүхдүүддээ итгэдэг. Тэмцээний үед сэтгэл зүйн бэлтгэл ямар байгаа бол, бэртэл гэмтэл авчих вий, бэлтгэл хийхдээ ачааллаа хэрхэн тааруулж, хоол унд, амралтаа яаж зохицуулж байгаа бол гэж хааяа сэтгэл зовниж, догдолсон өдрүүд цөөнгүй. Хүү, охиноо Азийн аварга болоход амжилтаар нь их бахархсан.Шагналын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлэхэд олон хүний итгэл найдварыг биелүүллээ гэж баярлаж суусан даа. Спорт авиралт зуны олимпын төрөлд багтсан нь тамирчдад маш их урам зориг өгсөн. Дасгалжуулагчийн хувьд тамирчдадаа “Өөртөө зорилго тавиад биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж хэлдэг. Тэмцээний үед тэднийхээ бичлэгийг үзэж, алдаагаа хэрхэн засах талаар зөвлөдөг юм” хэмээн өгүүлсэн. Өвлийн олимпын XXVI наадам Франц улсад 2030 онд болно. Олон улсын уулын холбоо мөсөнд авиралтын спортыг өвлийн олимпын төрөлд багтаахаар шаргуу ажиллаж байгаа аж. Энэ нь тус улсын Эвиан, Альп, Рона, Прованс хотод мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал, ДАШТ болдогтой холбоотой. Тиймээс ОУОХ-ны тэргүүн Томас Бах өвлийн спортын тэмцээнүүдийг өндөр хэмжээнд зохион байгуулдаг тус улсын туршлагыг үнэлж, өвлийн олимпыг хүлээж авах орноор сонгосноо онцолсон юм. Гэхдээ мөсөнд авиралтыг өвлийн олимпын төрөлд багтаах, эсэхийг ирэх жил албан ёсоор зарлах аж. Италид “Милан-Кортина 2026” өвлийн олимп ирэх жилийн хоёрдугаар сард эхэлнэ. Яг тэр үед мөсөнд авиралтын ДАШТ болдог тул энэ удаа хойшлуулж, ирэх жил зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголд мөсөнд авиралтын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ болох дөхөж байгаа тул “Дэлхийн цом”-д оролцох тамирчид ч бэлтгэлээ эхлүүлсэн. Улс бүрийн шилдгүүдтэй өрсөлдөх манай тамирчдын хувьд хамгийн хэрэгтэй зүйл бол мөсөн хана. Тонхил сумд спорт авиралтын “Олимп” төвийг 2019 онд байгуулж, олон улсын стандартад нийцсэн бэлтгэл базаах баазтай болгон дасгалжуулагчаар нь Х.Нямдоог ажиллуулсан нь тамирчдыг гадаадын томоохон тэмцээнд амжилт гаргахад ихээхэн нөлөөлжээ. Энэ спорт хурдацтай хөгжиж, тамирчдын тив, ДАШТ-д гаргаж буй амжилт, мөн сонирхож хичээллэгсдийн хүрээ жилээс жилд өссөөр байгааг түүний ажлын үр дүнгээс харж болно. “Сутайн бор” клуб Монголын уулчдын үндэсний холбооны шилдэг клубээр гурван удаа шалгарч, МҮОХ-ын тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно 2019" гардуулах ёслолын ажиллагааны үеэр мөсөнд авиралтын “Олимп” төвийг “Оны шилдэг бүтээн байгуулалт”-аар тодруулан, дасгалжуулагч Х.Нямдоод “Бөртэ чоно” гардуулсан билээ. Энэ нь тус клубийн хамт олонд эрч, хүч урам зориг өгч, үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн шагнал байв. Ууган хүүгээ амжилтаас атгуулсан дасгалжуулагч Х.Нямдоо охиноо багаас нь энэ спорттой ойр өсгөж, тамирчин болгохоор зорьсон гэдэг.

Тэд спортод амьдралаа зориулсан аавынхаа ачийг хичээл зүтгэлээр хариулж, БНСУ-ын Чонсон хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алтан медаль хүртэж баярлуулсан. Тус тэмцээний дараа Н.Хэрлэн “Миний хувьд 2024 он аз, амжилт дагуулсан өөдрөг жил байлаа. Дэлхийн цом”-д түрүүлэх зорилго тавьж, олон жил бодсон мөрөөдлөө биелүүлсэн минь үүгээр хичээллэдэг залууст урам зориг өгсөн гэдэгт эргэлздэггүй. Би аавтайгаа тэмцээний өмнөх өдөр хэрхэн оролцохоо ярилцаж, төлөвлөдөг. Харин тэмцээний үед сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг. Аавынхаа удирдлагад бэлтгэл хийхээс гадна 2017 оноос хойш хүндийг өргөлтийн Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багштай хамтран ажилласан. Тэрбээр дээрх тэмцээнд хамт явж, бидний алдаа, оноог тухай бүрд нь хэлж зөвлөсөн нь үр дүнгээ өгсөн юм. Тамирчдын хувьд туршлага солилцоно гэдэг маш том давуу тал. Бид ОХУ, Ираны тамирчидтай илүү холбоотой байж, харилцан туршлага судалдаг. Одоо мөсөнд авиралтыг өвлийн олимпын төрөлд багтахыг хүлээж байна. Монголд энэ спортыг хөгжүүлэхэд тулгамддаг асуудал бол материаллаг бааз. Гэхдээ үүнийг бага ч болов шийдэж, “Сутайн бор” клубийнхэн олон улсын стандартад нийцсэн хурдны хана барьснаар бид бэлтгэлээ базаасан.

Спортын төрлүүд өдөр ирэх тусам хөгжиж, тамирчдын ур чадвар ч өндөр зэрэгт хүрч байна. Бид хоцрохгүйн тулд шилдэг тамирчдын техникийг судалдаг. Амжилтаа бататгаж, ДАШТ-д аварга болохын төлөө зорьж буй. Хэзээ нэгэн цагт тамирчид карьераа өндөрлүүлдэг шүү дээ. Тэр үед дасгалжуулагчаар ажиллах бодол бий. Мэргэжлийн тамирчин бэлтгэх хэмжээнд хүрэхийн тулд маш их зүйл сурч, судлан, хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Олон улсын уулчдын холбооноос Канадын Эдмонтон хотод мөсөнд авиралтын ДАШТ-ийг 2024 онд зохион байгуулахад Монголын баг 16 орны 94 тамирчинтай өрсөлдөж, дэлхийд чансаагаар тэргүүн байрт бичигдэв. Тэднээс ах, дүүс мөнгө, хүрэл медаль гардаж, тивээс дэлхийн шилдгүүдийн эгнээнд хүч түрэн жагссан. Яг тэр мөчөөс эхлэн өрсөлдөгч тамирчид нь манайхны бэлтгэл хийдэг хана, орчин нөхцөл, ур чадвар, туршлагыг сонирхон судалж, хамтарсан бэлтгэл хийх санал тавих болжээ. Монголчууд хурдны төрөлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж, Азийнхнаас хамгийн өндөр амжилт үзүүлэх болсон нь олон улсын холбоодын анхаарлыг ийн татсан хэрэг.
Тамирчдын дунд “Өнөөдрийн ялагдал маргаашийн ялалт” гэдэг үг бий. Н.Сэлэнгэ өнгөрсөн жил ДАШТ-д оролцохоор аав, ахынхаа удирдлагад бэлтгэлээ шаргуу хийсэн. Олон улсын уулын холбооны мэргэжилтнүүд “Дэлхийн цом”-д түүнийг медалиас атгаад алдсан болохоор ДАШТ-д даагаа нэхнэ гэдгийг тооцоолсон нь тэмцээний үеэр анзаарагдсан гэдэг. Аав нь охиндоо “Тэмцээнтэй өдрүүдэд тайван байгаарай. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй оролцож, хүчтэй өрсөлдөгч болсноо харуулаарай” гэж зөвлөжээ. Түүнийг ахтайгаа медалиа зүүгээд онгоцноос буухад аав, ээж нь баярлаж угтсан нь Монголын тамирчдын амжилт дэлхийн энд хүрснийг батлах бахархлын нулимс байв.

ДАШТ-ий хурдны төрөл тун сонирхолтой болсон. Н.Сэлэнгэ АНУ-ын тамирчинтай 2023 онд “Дэлхийн цом”-ын хагас шигшээд ялагдсан юм. Тэгвэл Канадын Эдмонтонд 2024 онд болсон ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд түүнтэй гурав дахь удаагаа таарсан ч өөрт байгаа бүх зүйлээ дайчлан гаргаж шагналын тавцанд зогссон. Тэр үед өрсөлдөгчөөсөө эмээсэн ч аавынх нь хэлсэн үг санаанд орж айдсыг нь ор мөргүй арилгасан гэдэг. МУБИС-ийн спорт аялал жуулчлалын ангийг ирэх жил төгсөх түүний хувьд хойд хөршийн тамирчин Мариа Толокинагаас үлгэр жишээ авч, авиралтыг нь судлан, ур чадвар, техникээс нь суралцдаг аж. Тэрбээр ДАШТ-ээс медаль гардахдаа “Хэнд ч бүх зүйл эхэндээ хэцүү санагддаг. Надад ч гэсэн энэ спортоор анх хичээллэхэд амар байгаагүй. Хэрвээ би хэцүү гээд орхисон бол өдий зэрэгт хүрэхгүй л байсан. Өдөр бүр өөртөө чадах ёстой гэж хэлж, зорилгодоо хүрэхийг хичээж ирлээ. Амжилт бодож байгаа шиг амархан ирдэг зүйл биш. Өөрийгөө дайчилж, зүтгэсэн өдрүүдийн тоогоор алхам алхмаар ойртдогийг тэмцээнд оролцох бүрдээ мэдэрдэг. Ямар нэгэн спортод хөл тавихад томоохон өөрчлөлт гардаг. Аливаа зүйлийг эхлүүлсэн бол үр дүнг нь заавал харж, оргилд нь гартал хичээх хэрэгтэй. Тамирчин хүн спортын талбарт ганцаараа зүтгээд амжилтад хүрдэггүй юм. Надад аав, ээж, ах минь амжилт гаргах, урам зориг өгсөн болохоор тууштай хичээсэн. Хүн өөрийгөө ялж чаддагийн гайхамшгийг ахынхаа хатуужил тэвчээр, хичээл зүтгэлээс олж хардаг. Түүнд өдөр бүр уйгагүй хөдөлмөрлөсөн бэлтгэлийн үр дүн нь амжилт болж ирсэн гэж боддог. Монголын тамирчид тив, дэлхийн тэмцээнд амжилттай өрсөлдөж, аваргаар шалгарсан нь олон орны дасгалжуулагчийн үзэл бодол, хандлагыг өөрчилсөн. Хүн хүсэл тэмүүлэлтэй байвал боломжгүй зүйл гэж хаана ч үгүй. Амжилтад аз байдаггүй, харин асар их хөдөлмөр, зүтгэл шингэдэг юм” хэмээн өгүүлсэн билээ.