Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд нийт 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппаратыг 10 аймгийн 20 сумын болон алслагдсан хоёр дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Эх, хүүхдийн эрүүл мэндэд хэт авиан шинжилгээ болон ургийн зүрхний бичлэгийн үнэлгээ хийх нь өндөр ач холбогдолтой. Жирэмсний хугацаанд доод тал нь дөрөв, түүнээс дээш удаа хэт авиан шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэж үздэг. Мөн ургийн зүрхний бичлэгийг жирэмсний найман сартайгаас хянуулж, ургийн үнэлгээ хийлгэх ёстой гэнэ.
Уг бичлэгээр ургийн бүтэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлэн дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх болон эмчилгээ хийх, төрөлтийг шийдвэрлэж болохыг эмч нар онцолсон. Эдгээр төхөөрөмжийг хүүхдийн эрт үеийн оношилгоо, үнэлгээнд хэрхэн ашиглах, анхан шатнаас ахисан түвшин хүртэлх онол, практикийн сургалтыг нийслэлийн “Өргөө” амаржих газарт зохион байгуулсан гэнэ.
Ч.Болор