
Сэлбэ дэд төв төслийн хүрээнд дуу алдмаар гоё сайхан бүтээн байгуулалт өрнөж, үнэхээр “20 минутын хот” сүндэрлэхийг үгүйсгэхгүй. Тийм ч болоосой хэмээн хүснэ. Гагцхүү гоё ганганы ард хүний эрх бүү хохироосой, нулимс урсгасан гашуун нүүдэл битгий ар араасаа цувраасай гэсэн үүднээс unuudur.mn сайт дахин төлөвлөлтөд хамрагдаж, хамаг бүхнээ алдсан иргэний дуу хоолойг хүргэхээр бэлтгэлээ.
Сэлбэ дэд төвд хамаарах Сүхбаатар дүүргийн 14 болон Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 158 га талбайд 12 000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн ч газар чөлөөлөх явцдаа олон хүнийг хохироож, багагүй гомдол маргаан дагуулаад байна. Гэхдээ уг төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас авхуулаад хотын дарга Х.Нямбаатар тэргүүтнүүд сайн сайхан хэмээн амаа олохгүй магтацгааж байна.
Харамсалтай нь, хотынхон газар чөлөөлж эхэлсэн цагаасаа л олон хүний эрхийг зөрчиж ирэв. Тухайлбал, 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Б.Нямаасүрэнгийн e-mongolia систем дэх газрын цахим бүртгэлийг өмчлөх эрхтэй байхад нь эзэмших болгон өөрчилсөн. Тэр ч бүү хэл 347 ам.метр талбайг 346 хэмээн багасгажээ. Иргэн энэ талаар шуурхай мэдэж, гомдол гаргаснаар “Уучлаарай системийн алдаа гарчээ” хэмээн албаныхан залруулга хийсэн гэдэг. Магадгүй энэ үйлдлийн ард заль мэх байсан хэмээн хардаж байна. Тэд ийн эрх мэдлээ ашиглан, технологиор дамжуулан өмчийн халдашгүй байдалд халдахыг завдсан юм.

Эхний аргаараа амжилт олоогүй тул хотынхон иргэн Б.Нямаасүрэнгийн газрыг улаан цайм дээрэмдсэн. Хохирогч энэ талаар ярихдаа “2025 оны дөрөвдүгээр сард нүүгээгүй байхад л гэрийн эргэн тойрныг хашаалж, барилгын ажлаа эхлүүлсэн. Өдөр, шөнөгүй кран тачигнуулж, шороо тоос босгож, дуу чимээ гаргаж, асар их дарамт үзүүлсэн. Хашаандаа ахтайгаа хоёр бүлээрээ амьдардаг. Тэсэхээ байгаад бид нүүсэн. Нүүгээд долоо хоногийн дараа хаягтаа ирэхэд хашааг минь тойруулж өндөрлөөд амбаар, жорлон зэргийг хэдийн газартай нь тэгшлээд хүн амьдрах нөхцөлгүй болгосон байсан. Одоо би өөрийн өмчийн хашаа руу орохын тулд хамгаалалтынхнаас нь зөвшөөрөл авч гуйж ордог” гэв.
Түүгээр ч барахгүй наймдугаар сар гэхэд тухайн газрыг ухаж, бас цутгалт авсан байжээ. Төр иргэнийхээ өмчийг ямар ч зөвшөөрөлгүйгээр гэрлийн хурдаар дээрэмдэхийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн ах дүүс сэтгэл зүйн хувьд их хүнд байдалд орсон аж.

Эд хөрөнгө, сэтгэл санаа бүх зүйлээрээ хохирсон Б.Нямаасүрэн Хүний эрхийн үндэсний комиссоос авхуулаад хотын дарга Х.Нямбаатар, 20 минутын хот үндэсний хорооны удирдлага, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ханджээ.
Энэ явдлын дараа Б.Нямаасүрэнгийн фэйсбүүк рүү нэр зураг тодорхойгүй хэд хэдэн тролл хаягаас “Чаддаг юм бол наад жаахан газраа тэврээд зайл”, “Өдийхөн жаахан газраа ямар үнэтэй үнэлдэг шуналын тулам бэ” гэх зэргээр дайралт ирсэн аж.
Газар зохион байгуулалтын албанаас иргэн Б.Нямаасүрэнд хариу өгсөн албан бичигтээ “Иргэн Б.Нямаасүрэн та “Тэгшхэм групп үнэлгээ” компанийн гаргасан газрын үнэлгээ болох 92 837 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй.
Тантай зөвшилцөж чадаагүй. Тиймээс газар эд хөрөнгийг чөлөөлөх тухай чиглэл мэдээллийг холбогдох байгууллагад өгөөгүй болно” хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл, иргэний эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр нураасан нь эл албан бичгээр илэрхий болов.

“Тэгшхэм групп үнэлгээ” компани иргэн Б.Нямаасүрэнгийн үл хөдлөх хөрөнгийг 92 837 600 төгрөгөөр үнэлсэн. Б.Нямаасүрэн НОСК-т хүсэлт гаргахын тулд Газар зохион байгуулалтын албанаас гуйж гувшиж байж өөрийн эд хөрөнгийн үнэлгээний хуудсаа авчээ. Гэвч Газар зохион байгуулалтын албанаас төд удалгүй, үнэлгээний хуудсаа өг гэж шалсаар буцааж авсан гэдэг. Харин Б.Нямаасүрэнгийн өмгөөлөгч үнэлгээний хуудас газрын хууль ёсны өмчлөгчид байх ёстой гэж үзэн, Газар зохион байгуулалтын албанаас үнэлгээний хуудсыг авах хүсэлт албан ёсоор гаргасан ч талаар болжээ. Өөрөөр хэлбэл, Б.Нямаасүрэнд үнэлгээний хуудасны эх хувь болон хуулбарын аль аль нь байхгүй.
Дахин төлөвлөлтийн хүрээнд эрх нь хохирсон иргэдэд туслахаар хэсэг хуульч про боно хийж эхэлсэн юм билээ. Тодорхой хэлбэл, хэсэг хуульч нэгдэж, хохирогчдын эрхийг хамгаалахаар ажиллаж буй. Улмаар хуульчид хохирогчдын эрхийг хангуулахаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хууль зүйн туслалцаа авч буй иргэдийн нэг нь Б.Нямаасүрэн юм.
НОСК-ын дарга М.Говьсайхан хохирогчийг хохирсон дээр нь нэмж даапаалсан хэмээн Б.Нямаасүрэн хэлэв. Тодруулбал, М.Говьсайхан нь Б.Нямаасүрэнд хандаж “Та орох байраа судлаад ир. Тэр дагуу нь бид танд зохицуулалт хийж өгье” гэсэн байна. Үүнд итгэсэн Б.Нямаасүрэн ашиглалтад ороод удаагүй 1008 айлын орон сууцанд орох хүсэлтээ гаргасан боловч боломжгүй гэдэг хариу өгчээ. Улмаар түүнд Цайз-16, Яармаг, Ханын материал гэсэн байршлуудад байр санал болгож, 92 сая төгрөгөө урьдчилгаанд өгч, үлдсэн төлбөрийг нь таван жилийн хугацаанд төл хэмээн тулгажээ. Хоёрын хоёр зээлтэй Б.Нямаасүрэнд дээрх санал хүндээр тусаж, татгалзсан аж. Гэтэл М.Говьсайхан “Та ингэж зөрүүдлээд нэмэргүй, шүүхэд хандлаа ч эцсийн бүлэгтээ та бидэн дээр л эргэж ирнэ. Шүүхийн шийдвэрийн дагуу бид тантай эргээд л зөвшилцөх болно” гэж тохуурхсан, үл тоосон өнгө аясаар хандсанд Б.Нямаахүү ихээхэн гомдож буй.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамж, 735А тоотын өмчлөх гэрчилгээ ганц Б.Нямаасүрэнгийн нэр дээр байдаг аж. Тиймээс түүний ахад сохор зоос ч олдоогүй. Олон улсын жишгээр бол газар дахин төлөвлөхдөө хашаанд амьдарч байсан иргэн нэг бүрийг хамгаалах бодлого явуулдаг. Монголд Азийн хөгжлийн банк анх удаа хамгааллын бодлого хэрэгжүүлсэн удаатай. Хотын дарга энэ бодлогыг баримталдаг хэмээсэн ч бодит байдалд иргэдийн эрх хохирсоор байна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн С.Дондов энэ талаар “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүрийн орон байр, газар, өмчтэй байх эрхийг баталгаажуулсан. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухайн олон улсын Фактаар амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх эрхийг хамгаалсан. Мөн НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос гаргасан 1991 оны 4 дүгээр Ерөнхий зөвлөмжид хүн бүрийн орон байраар хангагдах эрхийг хэрэгжүүлэх төрийн үүргийг тайлбарласан байдаг. Хот дахин төлөвлөлтийн хүрээнд олон улсын хууль тогтоомж мөрдөөгүй. Тиймээс нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт зөвлөмж хүргүүлсэн. Учир нь дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдтэй бодитоор зөвлөлдөөгүй. Стратегийн том асуудал шийдэж байна гэдэг агуулгаар хайнга хандсан. Тухайн хашаанд байгаа хүүхэд, хөгшид, ах дүү гээд хүн нэг бүрийн эрхийг хүндэтгэх учиртай. Гэтэл төр устай, цахилгаантай, дулааны шугамд холбогдчихсон иргэний газрыг авчхаад алслагдсан хороод руу, тог цахилгаангүй газарт нүүхийг санал болгож эрхийг нь зөрчиж байна. Газраа өгсөн иргэний эрхийг хүндэтгэж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй, хувийн бизнестэй бол орлогыг хаахгүй байх нөхцөлийг 2-3 жилд хангах ёстой. Энэ бол дээр хэлсэн олон улсын эрх зүйн бичиг баримтад заасан наад захын шалгуур” хэмээв.

2025 оны долдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нэхэн саная. Энэ бол Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулсан өдөр. УИХ-ын гишүүд асуудлыг хэлэлцэх үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хандаж ажил үүргээ гүйцэтгэхдээ хуульчлан албадах арга барилаа өөрчлөхийг зөвлөснийг энд онцгойлон сануулъя. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт газар чөлөөлөхдөө хүний эрхийг зөрчиж байгаа гомдол санал ихээр ирж байгааг хэлэхэд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Энэ төсөлд албадан чөлөөлөх, хүний өмчийн эрхэнд халдах тухай зохицуулалт байхгүй. Гэр хорооллын газар чөлөөлөлт дээр харилцан зөвшилцөж, үнэлгээ оруулах зөвшөөрөл өгсөн нөхцөлд иргэний эрх зүйн хэлцэл хийж, иргэний газрыг чөлөөлж байгаа. Таны сонгогдсон Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс хэн нэг хүний газрыг албадан чөлөөлсөн гэсэн гомдол ирээгүй гэж бодож байна” хэмээн хариулсан удаатай. Хотын дарга одоо Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс хэн нэг хүний газрыг албадан чөлөөлж буулгасан гомдол ирээгүй гэж бодох биш мэддэг болсон. Учир нь ХЭҮК-оос нэр бүхий иргэдийн гомдлын дагуу айлуудыг албадан нүүлгэхгүй, эрхийг нь зөрчихгүй байх зөвлөмжийг Х.Нямбаатарт хаяглаж илгээсэн билээ.
Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 000 айлын орон сууц барихын зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээг гэрээсээ гараад ердөө 20 минутын дотор зорчоод л авах боломжтой байхаар төлөвлөсөн. Гэхдээ 12 000 айлын орон сууцын 80 хувь нь барилга барих компанийн мэдлийнх, үлдсэн 20 хувийг борлуулж, Гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Товчхондоо газраа өгсөн иргэдэд шинээр барих 12 000 айлын орон сууц хүртээлгүй хэмээн албаныхан хэлснийг хохирогч Б.Нямаахүү онцолсон юм. Тиймээс өмчөө дээрэмдүүлсэн Б.Нямаасүрэн гуай төрсөн ахын хамт хоёр гэрээрээ байр түрээслэн хавар, зун, намрыг дамнан өвөлтэй золгоод буй. Төрөөс түүнд түрээсийн мөнгө гэж төрөөс нэг ч төгрөг өгөөгүй гэдэг.
