Нацистын гол гэмт хэрэгтнүүд, нацизмын үзэл суртал, түүний СС, СД, Гестапо гэх байгууллагуудыг ялласан Нюрнбергийн шүүн таслах ажиллагааны гол хурал 80 жилийн өмнө, 1945 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус хотын Шүүхийн ордонд эхэлсэн байдаг. Энэ үйл явцын үед Ард түмнүүдийн шүүхийн ажилд ЗХУ ямар хувь нэмэр оруулсан, өчигдөрхөн холбоотон байгсдын хооронд ямар санал зөрөлдөөн гарсан талаар цухас өгүүлье.
“Хоёр номерийн нацист” Герман Геринг энэ хурал дээр ихээхэн ичгүүр сонжуургүй хандаж байжээ. Магадгүй энэ нь дайны ихэнх цагт байсан мансуурлын байдлаасаа гарах үеийн сэтгэцийн хөөрөл байсан ч байж болох. Америкийн армийн хурандаа Бертон Эндрюс түүнийг “Буян санадаггүй тарган гахай” гэж хэлсэн байдаг. Геринг олзонд байхдаа 127 кгаас 90 кг болтлоо турсан гэдэг. Түүнийг алдрын оргилд байхад нь бараг л өдөр бүр хийж өгдөг асан дэгжин гэгчийн хувцсаа ч өмсөхөө больж. ЗСБНХУ-ын нэрийн өмнөөс яллагч Роман Руденко “хоёр номерийн нацист”-ын хамаг юмыг уудлахаар төлөвлөв. Тэрбээр байцаалтыг хайр найргүй явуулж, яллагч талын довтолгоон гарцаагүй баримтаар баталгаажиж байлаа. Руденко нацистын махчинд суран ташуур шиг л байжээ. Иоахим фон Риббентропыг Зөвлөлтийн яллагч байцаагаад дуусахад Геринг “Риббентроп ч авах юм үгүй боллоо доо. Ёс суртахууны хувьд ёстой хугачуулж нугачуулчихлаа” гэж бодож суув.
Гэтэл 1946 оны гуравдугаар сард Нюрнбергийн шүүн таслах ажиллагаа ид явагдаж байхад Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль Америкийн Фултон хотод Зөвлөлт, Оросын эсрэг үг хэлжээ. Америкийн хэвлэлүүд “Оросыг зогсоохын тулд нэгдэгтүн” гэх мэт гарчигтай өгүүллүүдээр уншигчдыг ёстой нэг булав. Тэдгээрийн утга агуулга Черчиллийн хэлсэн үгтэй дуу нэгтэй гэж. Түүнээс болсон уу, байдал өөрчлөгдөж магадгүй юм шиг Герингэд санагдаж байлаа. Тэгсэн чинь улс төрийн бас нэг үхдэл болсон Рудольф Гесс “Та Германы фюрер болно шүү” гэж Герингэд хэлсэн юм санж. Хэсэг хугацаанд ч гэлээ нөгөөх нь энэ үгэнд нь итгэсэн гэж байгаа. Байдлаас анзаарахад мансууруулах бодис хэрэглэхээ байсан ч Герингийн санаа бодол хэвийн бус байсан бололтой. Яллагч талыг дотор нь хагаралдуулж болох юм гэж түүнд бодогдоод байв. Шүүх хуралдааны танхимд улам эрээ цээргүй байснаас хамгаалагч түүн рүү нэгэнтээ бороохойгоо далайхад хүрсэн аж. 1946 оны дөрөвдүгээр сарын 10-нд армийн албан ёсны “Stars and stripes” сонинд “Зөвлөлтийн яллагч Роман Руденко шүүхийн танхимд Герман Герингийг буудав” гэсэн шуугиан тарьсан мэдээлэл гарчээ. Энэ сонины нийтлэлд уншигчид нь ихэд итгэдэг байж. Судлаачид тус сонинг Зөвлөлтийн “Улаан од”-той дүйцүүлж үзнэ. Уг мэдээлэл сонины молиго байсан нь удалгүй тодорхой боллоо. Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн, хожим нь “Нюрбергийн төгсгөлийн үг” нэртэй дурсамжийн ном гаргасан Аркадий Полторак Америкийн туг далбаагаар халхавчилж, илт “шар мэдээ”-гээр хөөцөлдсөн эндхийн “цаас эрээчигчид”-ийн түвшин ихэд доогуур байгаад машид эгдүүцсэн байна. Огт эгдүүцээгүй Америкийн нэг сэтгүүлч “Герингийг яаж цааш нь харуулсанд ямар ялгаа байгаа юм бэ. Танай яллагчийн айхтар асуултад шүршүүлэх нь түүнд амар байсан гэж бодно уу” хэмээн хэлжээ.
Гэтэл Герингийг “нухчихсан” хүн нь Роман Руденко биш, Олон улсын шүүхийн дарга лорд Жеффри хар нөмрөг дотроосоо гар буу гаргаж ирээд “хоёр номерийн нацист”-ын зовлонгоос нимгэлж өгчээ. Өөр бас нэг няцаалт ч гарч ирэв. Зөвлөлтийн хүмүүс Өрнөдийн сэтгүүлчдийн “гайхалтай юм”-ыг гайхширан ажиглаж байцгаав. Тэгэхнээ бүр дайны үед нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүн таслах ажиллагааг хэрхэн хийх төлөвлөгөөг холбоотон орнууд төлөвлөж байхад л Америк, Британийн тал тэдэнд хамгийн өршөөлгүй хандах хувилбарыг сонгохын төлөө байжээ. Шүүх ажиллагаа улс төрийн шинж чанартай байж, бүгдийг маш хялбараар шийдэх, нацистуудыг баривчлаад л, түргэхэн байцаагаад л цаазалчих нь зүйтэй гэж Франклин Рузвельт, Уинстон Черчилль нар үзэж байжээ. Тэгвэл Сталин шүүн таслах ажиллагааг чухам хуулийн дагуу явуулж, гэмт хэрэгтэн тус бүр хийсэн хэргийнхээ төлөө зохих шийтгэлээ хүлээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Энэ ялгаа Өрнөдийн суртал нэвтрүүлгийн балгаар өнгөрсөн хугацаанд Нюрнбергийн шүүн таслах ажиллагаанд ЗСБНХУ-ын гүйцэтгэсэн үүргийн адилаар арчигдаад алга болжээ. Гэхдээ Өрнийн ч, Дорнын ч өнөө цагийн аливаад бодитой ханддаг судлаачид хэрэв Зөвлөлтийн тал өөрийн байр сууриндаа баттай зогсоогүй бол олон улсын цэргийн шүүхийн ажиллагаа ерөөс болохгүй байсан хэмээн тэмдэглэжээ. Нацистын гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шүүх тухайд Зөвлөлтийн удирдлага бүр 1942 оноос бодож эхэлсэн аж. Тэгээд Улсын онцгой комисс байгуулж Зөвлөлтийн чөлөөлөгдсөн газар нутаг дээр 1943 оноос нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүж, 252 хүний баримтыг чамбай цуглуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хожим нь 1945 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 1946 оны аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх Нюрнбергийн шүүх хурлын зураглалыг боловсруулж байжээ.
Франсин Хиршийн “Нюрнбергийн ажиллагаа. ЗХУ, Олон улсын цэргийн шүүх” номд өгүүлснээр Гитлерийн өдүүлсэн дайнд бүхнээс илүү хохирол үзсэн Зөвлөлтийн талд нацистуудтай ёсорхоод байх юм байсангүй. Тэгвэл Уинстон Черчилльд “Цаазын тавцан бэлтгэх газар, олсны уртыг л” бодох хэрэгтэй байв. Аркадий Полторакийн “Нюрнбергийн төгсгөлийн үг” номоос эш татвал, түүхчийн үзэж буйгаар Гитлерийг ЗХУ руу довтлох хүртэл Гуравдугаар Рейхтэй нягт хамтран ажиллаж байснаа нийтэд ил болгочихоос болгоомжлон англи, америкчууд шүүхийн ажиллагааг хүсэхгүй байжээ. Гэлээ ч нэгэнт холбоотон байсных сэтгэл зүрхээ чангалан байж Сталины саналыг хүлээн авчээ. Тэгтэл төвөг бэрхшээл гараад иржээ. Олон улсын цэргийн шүүхийн хурлыг Берлинд явуулна гэж Сталин зүтгээд байсан нь, нэгдүгээрт Зөвлөлтийн эзэлж авсан газар, хоёрт, Германы нийслэл, Зөвлөлтийн цэргүүд чухам энд л Рейхстагийн орой дээр ялалтын тугаа мандуулсантай холбоотой. Зөвлөлт улс ялалтын төлөө бүхнээ зориулж, эвдэрч сүйдсэн, балгас болоод байв. Эдийн засаг нь 1950-иад оны эх рүү л сэргэж эхэлсэн юм. Тэгвэл цэрэг, зэвсгийн захиалгын буянаар АНУ 1945 онд их хямралаас гарч дотоодын нийт бүтээгдэхүүн нь хоёр дахин нэмэгдэж, 228 тэрбум ам.долларт хүрсэн нь дээд амжилт байлаа. Тодруулж хэлэхэд дайны ачаар АНУ санаанд оромгүй их баяжсан юм. Тиймээс “мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална” гэдэг зарчмаар америкчууд хандаж, хэний газар нутагт шүүх хурал болно, тэр тал төлбөр төлнө гэж хэлээд Америкийн эзэмшлийн бүсэд байсан Нюрнберг хотыг шүүх хурал хийх газар болгохыг санал болгов. ...Гитлер баривчлагдах өдрөө хүлээлгүй 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд амиа хорлосныг, маргааш нь Геббельс фюрерийнхээ араас “явсан”-ыг бид мэднэ. Баривчлагдаад байсан Гиммлер тавдугаар сарын 23-нд хор уусныг бас мэднэ. Ингээд тэднийхээ араас очих ээлж “хоёр номерийн нацист” байснаа одоо “нэг номерын шүүгчдэгч” болсон Герман Герингэд ирэв. Шүүх хурлын явцад тэрбээр хариуцлагыг амьгүй болсон нацистын дээдэстээ тохохыг бас оролдсон байна. Иоахим фон Риббентроп “Ялыг зохих хүмүүст нь оноосонгүй. Бид бүгдээрээ Гитлерийн сүүдэр л байсан шүү дээ” гэж хэлсэн бол Хууль зүйн сайд нь байсан Ганс Франк бурхны зараалаар болж буй энэ шүүх хурал Гитлерийн засаглал дор шаналж асан аймшигт эринийг эцэс болголоо гэсэн байна. 1943 онд Сталинградын дэргэд олзлогдож, Рейхийн жолоодогчид цогцосгүйгээр оршуулах ёслолыг нь үйлдсэн фельдмашрал Фридрих Паулюсыг Зөвлөлтийн тал гэрчээр авчрахад Геринг хачин болж өөрийн мэдэлгүй мэт байв. Нэгэн сэтгүүлчийн хэлснээр тэрбээр Гитлерийг гараад ирсэн ч гайхахааргүй болж, “хий үзэгдэл” гэх утгатай үг хэлсэн байна. Хамгийн гол нь ЗХУ руу довтолсон нь анхааруулж сэрэмжлүүлсэн үйлдэл байсан хэмээн өөрийгөө зөвтгөх гэсэн Герингийн хийгээд түүний хамсаатнуудын үгийг Паулюсын мэдүүлэг ёстой “будаа” болгож орхижээ. Нюрнбергийн шүүх хурал 11 сар үргэлжилж, 403 удаа хийхдээ 240 гаруй гэрчийн үгийг сонссон байдаг. Энэ хугацаанд учир битүүлэг үхэл ч хэд хэд тохиолдсон. 1945 оны арванхоёрдугаар сарын 8-нд Зөвлөлтийн цэргийн бага дарга Иван Бубен хотын төвд алагдаж, Зөвлөлтийн гол яллагчийн туслагч Николай Зоря 1946 оны тавдугаар сарын 22-нд түрээслэсэн байрандаа алуулсан байжээ. Дээр өгүүлсэн Франсин Хирш номдоо өгүүлснээр шударга ёсыг эрхэмлэн тэмдэглэхэд АНУ-ын гол яллагчаар ажилласан Роберт Жексон Нюрнбергэд их үүрэг гүйцэтгэжээ. Түүний мэргэжлийн ур чадварыг Зөвлөлтийн тал тэмдэглэж байв. Руденко шиг шаргуу ажиллаагүй ч улс төрийн талбарт энэ хоёр хүн өрсөлдөгчид байсан аж. Роберт Жексон шүүх хурал дээр АНУ тэргүүлэх үүрэгтэй байж, эцэст нь ялсан гол гүрэн гэсэн бодол дэлхий дахинд төрүүлэх нь чухал шүү гэсэн үүргийг шинэ Ерөнхийлөгч болсон Гарри Турменээс авсан байв.
Шүүхийн эцсийн дүгнэлтээр СС, СД, Гестапо, Германы үндэсний социалист нам гэмт хэрэг үйлдсэн байгууллагууд болохыг хүлээн зөвшөөрөв. Геринг, Борман (эчнээгээр), Кальтенбруннер, Франк, Фрик, Штрейхер, Розенберг, Йодль, Кейтель, Зейсс-Инкварт, Заукель, Риббентроп нарын 12 хүнд дүүжлэн хороох ял өгчээ. Ялыг 1946 оны аравдугаар сарын 16-ны шөнө дундаас хойш гүйцэтгэв. Геринг “Рейхшмаршалуудыг дүүжилдэггүй юм, тэд өөрсдөө явчихдаг юм” гэсэн бичиг үлдээсэн байна. Борман бүслэгдсэн Берлингээс гарч зугтах гэж байгаад 1945 оны тавдугаар сарын 2-нд алагдсаныг мэдээгүй байв. Функ, Гесс, Редер нарт насаар нь хорих, Фон Ширак, Шпеер хоёрт 20, фон Нейратад 15, Деницэд 10 жил хорих ял оноов. Рудольф Гесс ялаа дуустал эдлээд 1987 онд нас баржээ. Дайныг санхүүжүүлэгчдийн нэг Густав Крупп шийтгэлээс зугтаж амжаад 1950 онд нас барсан аж. Гуравдугаар Рейхийн гол санхүүжүүлэгч Ялмар Шахт 1970 онд нас барав. Ялаас зайлсхийсэн этгээдүүд Америкийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсан гэж зарим судлаач үздэг байна.
Р.ЖАРГАЛАНТ