- Дахин ашиглах боломжтой 786 тонн хавтанг зам засах нэрээр хуулжээ -
“Та Улаанбаатар хотын гудамжаар нүдээ аниад ганцхан минут алхаад үзээрэй. Тав алхахгүй л бүдэрч унана. Бид үргэлж ийм нөхцөлд амьдарсаар ирсэн. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган зам нь хамгийн их халтирдаг. Бас саад тотгор ихтэй” хэмээн өгүүлэх эмэгтэйг Х.Саранцацралт гэдэг. Тэрбээр авто ослын улмаас 2010 онд хараагаа алдсан бөгөөд хүндээ ээлгүй нийслэлийн зам, талбайгаар бие даан зорчих болгондоо энэ мэт олон эрсдэлтэй нүүр тулсаар буй иргэдийн төлөөлөл юм.
Х.Саранцацралт шиг харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд хөтөч зам нь гол чиглүүлэгч болдог. Уг нь манайд хөтөч замыг хэрхэн төлөвлөж барих тухай MNS6056:2009, MNS5682-2006 гэсэн стандарт байдаг ч харамсалтай нь хэрэгжүүлдэггүй аж. Улмаар харааны бэрхшээлтэй хүн уг замаар таяг тулаад явж байхдаа шон мөргөх, халтирч унах гээд олон эрсдэлтэй нүүр тулдаг. Явган хүний зам дээрх тараншейны нүх рүү унасан тохиолдол ч бий. Засах нэрийдлээр энд тэндгүй хуулж, ховхолсон, энхэл донхол халтирдаг, явган хүний зам, хаа хамаагүй хөглөрсөн цахилгааны утас зэрэг нь хараагүй иргэдэд тохиолддог бэрхшээлийн нэгээхэн хэсэг.
“МОДНЫ-2”, ГАНДАН, МУИС-ИЙН АВТОБУСНЫ БУУДАЛД ХАРААГҮЙ ИРГЭНД ЗОРИУЛСАН ЗАМ БАЙХГҮЙ
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсад 11 700 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдардгаас 4000 гаруй нь нийслэлд оршин суудаг аж. Харамсалтай нь, тэдний явах зам, талбайд барилга, байгууламж, ТҮЦ зэргийг дур мэдэн барьж, автомашин болон рекламын самбар байршуулчихдаг учраас чөлөөтэй зорчиж чаддаггүй аж. Үүний тод жишээ бол олны хэлж заншсанаар “Модны-2”, Гандан, МУИС-ийн II байрны урдах автобусны буудал юм. Эдгээр байршилд хараагүй хүнд зориулсан хөтөч зам байхгүйгээс гадна олон саад бэрхшээл тулгардаг талаар иргэд хэлж байна. Үнэхээр ч үүгээр өнгөрч буй хүн бүр халтирч унахгүй гэсэндээ шөрмөсөө таттал биеэ чангалж алхдаг. Ийм замаар нүдээ аниад тавхан минут алхахад л тэдний өдөр тутмын бэрхшээлийг бодитоор мэдэрч болно. Хот төлөвлөлт, зам талбай, барилга байгууламжийн зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг оролцуулдаггүй, тэдний саналыг ойшоодоггүйн үр дагавар энэ. Үндсэндээ, манай улс харааны бэрхшээлтэй иргэдээ огт хайхардаггүйг зөвхөн явган хүний замаас нь харж болно.
ХАЛТИРГАА ГУЛГААНААС ҮҮДЭН 5365 ХҮН ГЭМТЭВ
Гудамж, талбайгаар чөлөөтэй алхах нь хүний анхдагч хэрэгцээ, бас эрх. Үүнийг төлөвлөж, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нь хотын удирдлага, эрх баригчдын үүрэг. Гэтэл бодит байдалд хөгжлийн бэрхшээлтэй битгий хэл, эрүүл, идэр залуу насныхан ч өнөөдөр нийслэлийн гудамжаар аюулгүй алхах боломж алга. Хотын дарга Х.Нямбаатар “13 байршилд 94.304 ам метр, стандартад нийцсэн явган хүний замыг байгалийн боржин чулуугаар барьсан. Шинэ чулуун хавтан нь барзгар гадаргуутай учраас цас бороонд гулгаж, халтирахгүй алхахад саад болохгүй” хэмээн өнгөрсөн зуны турш “попорсон”. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг засаж, шинэчилсэн. Гэвч зүгээр байсан замыг хуулж, сольсны балгаар зөвхөн харааны бэрхшээлтэй бус, энгийн бид ч өдөр тутамдаа халтирч унаж, ГССҮТ рүү эхнээсээ “зөөгдөх” боллоо. Өвөл дөнгөж эхэлж байхад л ГССҮТ болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 5365 хүн тусламж, үйлчилгээ ав чээ. Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэл бэртлийн дийлэнх хувийг гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн болон аарцаг нурууны бэртэл багтаж буй юм.
Өөрөөр хэлбэл, хотын дарга эвдэрч хэмхрээгүй явган хүний замыг хуулж, төсвийн мөнгөөр наадахдаа харааны бэрхшээлтэй 4000 гаруй иргэнээ харамсалтай нь мартчихсан бололтой. Жишээлбэл, сар гаруйн өмнө шинэчилж дууссан Баруун дөрвөн замын автобусны буудлын явган замыг авч үзье. Бараг гурван метрийн өргөнтэй энэ замд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан 30 см ч хүрэхгүй өргөнтэй тусгай зам бий. Тэгэхээр ийм нарийн замаар хараагүйчүүд “модель алхаа”-гаар тэгшхэн явах шаардлагатай болдог гэсэн үг. Харааны бэрхшээлтэй иргэн Б.Баасандорж “Каток шиг халтирдаг замаар хараагүй би битгий хэл, эрүүл залуу хүн ч явахад бэрх байдаг. Урьд нь арай ч ийм байгаагүй” хэмээв.
“НИЙСЛЭЛД ДУУТ ГЭРЛЭН ДОХИО ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАХААР ЦӨӨН”
Харааны бэрхшээлтэй иргэд гэрээсээ гарч, ажил, хөдөлмөр эрхлэн, нийгмийн харилцаанд оролцох боломжгүй нөхцөлд амьдарч байна. Зам талбай, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, тухайн орчны дэд бүтэц, харилцаа холбооны хэрэгсэл гэхчлэн бүхий л зүйл харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээлгүй байдаг. Тэгвэл энэ талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооныхон “Бидэнд маш олон асуудал тулгардаг. Үүний нэг нь дэд бүтцийн асуудал юм. Хараагүй иргэдийн хувьд орчны хүртээмжтэй, аюулгүй байдал гэдэг маш чухал. Хараагүй хүмүүс бие дааж нийгмийн харилцаанд ороход нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй байдал чухал ач холбогдолтой. Гэвч дарга нарын ямар ч төлөвлөлтгүй, баримжаагүй шийдвэрийн гороор харааны бэрхшээлтэй иргэд ажил, сургуульдаа явах замдаа гэмтэж, бэртэн, амь насаа алдах боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд дуут гэрлэн дохио гарын таван хуруунд багтахаар цөөн байна” гэв.
Нийслэлд хараагүй иргэдэд зориулсан нийтийн тээвэр, замын тэмдэглэгээ тэр бүр харагддаггүй. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн III бүлэгт “Барилга байгууламж, зам талбай, нийтийн тээврийг хүртээмжтэй байлгах” гэсэн заалт бий ч мөн л хэрэгжүүлдэггүй аж. Хотын удирдлагууд иргэддээ ээлтэй, амьдрах аюулгүй орч ныг бүрдүүлж байна гэж үргэлж хэлдэг ч тэдний хийсэн ажлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн нэг ч хөтөлбөр алга.
ХОЁР ЖИЛИЙН “НАСТАЙ” ХАВТАНД 32 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ
Нэгэн инженер цахим хуудсандаа хотын даргын явган замыг шинэчлэх ажил, технологийн алдааг тайлбарлажээ. Тэрбээр “Даацын хувьд өмнөх 25х12.5 хэмжээтэй жижиг шахмал бетон хавтан хамаагүй илүү. Дээрээс ирэх даралтыг хүлээж авах талбай жижиг байх тусам хүчний хуваарилалт бага ирнэ. Гэтэл уг шахмал бетон хавтанг нь хамгийн хүнд даацын нүүрсний боомтын талбайд хүртэл ашигладаг. Мөн авто замынхаа ус зайлуулах системийг шийдээгүй тул явган замын доор шингэн ихээр хуримтлагдаж суулт өгнө. Том талбайтай хавтан учир суулт өгвөл дороо хагарна. Их удлаа гэхэд хоёр жилийн настай гэсэн үг. Түүнчлэн нэгэн хэвийн уйтгартай өнгө төрхийг нийслэлд бүрдүүлж байна. Ялангуяа манайх шиг сааралтсан хотод бол бүр л дүнсгэр харагдана. Олон янзын өнгө, загвартай явган замтай байвал алхаж яваа хүнд илүү тухтай мэдрэмж өгдөг гэх судалгаа ч бий. Мөн өвөл халтиргаа гулгаа ихтэй. Өмнөх жижиг хавтан нь хүний хөлийн тавхайгаас жижигхэн тул гулгуулдаггүй байсан. Үүнээс гадна тэр их зардлаар бродюр солихоос өмнө усны хаялгын шугамаа стандартын дагуу суурилуулах ёстой байсан. Зам дээр ус тогтох нь хэвийн үзэгдэл биш. Бид л хэвийн мэт ойлгоод буй болохоос энэ бол зураг төслийн гажуудал. Анхнаас нь зөв төлөвлөх ёстой. Бас санхүүгийн хувьд хэт өндөр зардалтай. Нэг ангид 60-70 хүүхэд хичээллэж, өвөл дулаан тасалдахгүй байх, эсэх нь тодорхойгүй энэ үед зүгээр байгаа замаа чулуу болгоно гэдэг бол оройгүй тэнэглэл” гэсэн юм.
Явган хүний зам, талбайн тохижилтод өнөө жил 32 тэрбум 52 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Нийслэлийн төсвийн гол ачааг хувийн хэвшлийнхэн, иргэд үүрдэг. Тэгвэл төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр дүүргүүдэд хийж буй зам, дэд бүтцийн ажилд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн хяналт тавьж, эвдрэл хагаралгүй хавтангуудыг дахин ашиглах боломжийг судалжээ. Ингэхэд Баянзүрх дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагад 346, Баянголынход 300, Сонгинохайрханыхад 60, Чингэлтэй, Хан-Уулынхад тус бүр 40 тонн гээд нийт 786 тонн дахин ашиглах боломжтой хавтан агуулахад хадгалагдаж буй нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, явган хүний зам засах нэрээр ийм хэмжээний хавтанг дэмий хуулсан гэсэн үг.
ОЛОН УЛСАД ХАЛДАГ ЗАМ АШИГЛАДАГ
Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч замыг анх Япон улсын Окояама хотод 1967 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ үеэс дэлхийн бусад оронд түгэн тархжээ. Ингэхдээ харааны бэрхшээлтэй хүмүүст явах чигийг зааж, гарц, саад тотгор ойртож байгааг мэдрүүлэх өөр өөрийн гэсэн онцлогтой товгор хээ бүхий хавтангуудыг явган хүний замын дагуу суулгаж өгдөг байна. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, насны хувьд залуужиж буй бөгөөд хүүхдүүд ч энэ өвчлөлд нэрвэгдэх болсон нь дэлхий нийтийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Япон, Канад, Норвег зэрэг хөгжингүй оронд өвлийн улиралд халтиргаа гулгааг бууруулж, иргэдийнхээ тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний халдаг замыг өргөнөөр ашиглах болжээ. Энэ нь орчин үеийн хотын дэд бүтцийн чухал элемент болохын хувьд зөвхөн халаагаад зогсохгүй нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой аж. Мөн энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлэх, хотын дэд бүтцэд оруулсан урт хугацааны, ухаалаг хөрөнгө оруулалт болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Э.Сүйлэн