“Умайн хүзүүний өмөн, урьдал эмгэгийг кольпоскопи болон цахилгаан гогцоогоор өөлөх мэс ажиллавар”-ын аргыг эзэмшүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтыг ХСҮТ-д зохион байгуулж байна. Сургалтыг АНУ-ын Техасын их сургуулийн МД Андерсоны хавдрын төв, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд удирдан явуулж буй аж. Умайн хүзүүний хавдрын нийт тохиолдлын дөрөвний нэг нь Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгддэг. Үүний 90 орчим хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад тохиолдож байгааг тус сургалтын үеэр мэдээллээ.
Манай улсад өнгөрсөн онд умайн хүзүүний хорт хавдрын 521 шинэ тохиолдол, 167 нас баралт бүртгэгджээ. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой ч манай эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог хавдрын III-т бичигдсээр байгаа юм. Ази, Номхон далайн баруун бүсэд умайн хүзүүний өмөнг устгах стратегийн хүрээнд энэхүү сургалтыг Монголд зохион байгуулж буйг албаныхан хэлсэн.
Кольпоскопийн сургалтад эмч, сувилагч нарыг хамруулснаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх ур чадвартай болж, бусад улс орны мэргэжилтнүүдтэй солилцон, мэдлэгээ дээшлүүлэх боломж бүрдэх юм. Сургалтад Ази, номхон далайн бүсийн улс орнуудын болон Монгол Улсаас аймаг, дүүргийн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэс засал, эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, мэргэжилтэн нийлсэн 52 хүн хамрагдаж байна.
О.Оргилох