Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх журмыг өнгөрсөн есдүгээр сард шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Үүний дагуу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний мэдээллийг шинэчлэн боловсруулсан байна. Ингэснээр бидний нэрлэж заншсан хүнсний талонд хамрагдах өрх, иргэний тоо цөөрч, нэн шаардлагатайд нь уг үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Хамрагдах өрхийн босго оноо 180 бөгөөд гишүүдэд сард олгох хүнсний дэмжлэгийн хэмжээг хүүхдэд 8000 төгрөг байсныг 12 000, насанд хүрэгчдийнхийг 16 000-аас 20 000 төгрөг болгон нэмжээ.
Шинэчилсэн журамд дараах зохицуулалтыг тусгасан аж. Тодруулбал, өрхийн гишүүд хөдөлмөрийн насны, ажиллах боломжтой хэрнээ хөдөлмөр эрхлээгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхгүй. Харин ч эсрэгээрээ ажил эрхэлж буй бол гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах зорилгоор дэмжлэг үзүүлнэ гэж заажээ. Мөн хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд олон жил хамрагдсан ч өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн бол хасна. Ядуу өрхүүдэд чиглэсэн өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт тэгш хамруулах, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхийн тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие иргэн, харж хандах хүнгүй ахмад настанд түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Хоол тэжээлийн дутмагшлын улмаас хүнд хэлбэрийн тураалтай хүүхэд болон гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг ч үйлчилгээнд хамруулах аж.
М.Гэгээ