Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн хажууд “наалдсан” станц
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрладаг ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийнхан хажуу бөөрөндөө “наалдсан” “Шунхлай” шатахуун түгээх станц (ШТС)-ыг нүүлгэх гэж сүүлийн хэдэн жил тэмцээд хүчрэхгүй өдий хүрэв. Сургуулийн сурагч, багш, ажилтнууд хавар, намрын цагт цонхоо онгойлгож чаддаггүй, шатахууны үнэрт нь хүүхдүүдийн толгой эргэж, зарим нь ухаан алдаж, түргэн тусламж дуудаж байж. Гэвч эрх баригчид, нийслэлийн удирдлага нүдэн балай, чихэн дүлий суусаар хүний эрхийг хөсөр хаяв.
Тус сургуулийн захиргаа, багш, сурагчид, эцэг, эхчүүд уйгагүй тэмцэж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсны эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шунхлай” станцын газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан юм.
АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ “ХААЧИВ”
Эдүгээ 76 “настай” 14 дүгээр сургуулийн ариун цэврийн өрөөний тааз 2013 онд нурж, сурагч, багш, эцэг, эхчүүдийг сандаргасан. Хуучин барилгыг ашиглах боломжгүй болсон тул сурагчдыг тал тал тийш нь тарааж, өөр өөр сургуульд хичээллүүлсэн билээ. Шинэ байр барих гэж дөрвөн жил “дуншсан”-ы эцэст 2017 онд өргөтгөлийг ашиглалтад оруулсан юм. Анх 3000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барьсан уг сургуульд одоо 6000 гаруй сурагч суралцаж байна. Авто зам, ШТС-тай хэт ойрхон байрладаг эрсдэл өндөртэй сургууль. ШТСын талаар тус сургуулийн сургалтын менежер Н.Пүрэвсүрэн “Бид энэ асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагад олон удаа ярилцлага өгч, эцэг, эхчүүдийнхээ хамтаар жагсаал хүртэл зохион байгуулж, бүхий л холбогдох газруудад өргөдөл, гомдол хүргүүлсэн. Бараг 700 гаруй хуудас материал бий. Сургуулийн зүүн жигүүрт шатахуун илүү их үнэртдэг. Тухайн хэсэгт хоёр ээлждээ 800-900 гаруй хүүхэд хичээллэж байна. “Шунхлай” станцыг аюулгүй байдлаа хангаж өгөөч гэж гуйсны эцэст төмөр тор татсан. Аюул үүсэхэд энэ тор хүүхдүүдийг хамгаалж чадах уу. Шатахууны үнэр багш, сурагчдын эрүүл мэндэд хор уршиг учруулсаар удлаа. Тус станц зам дээрээс шатахуунаа авдаг. Тэр үед маш хурц үнэртдэг. Станцын налуу замаар үерийн ус урсаж, лаг шавар нь манай бага сургуулийн хонгилд орж ирж байсан. Тэр үеэс бид станцыг нүүлгэхийг илүүтэй шаардаж, тэмцлээ эхлүүлсэн. Энэ бол зөвхөн нэг сургуулийн асуудал биш, нийт иргэний эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Бид газрыг нь булаацалдаагүй. ШТС-аа л нүүлгээч, энэ олон хүний аюулгүй байдлыг хангаад өгөөч” л гэж хүсэж байна” гэв. “Шатахуун үнэртдэг, дотор муухайрдаг” гэдгээ сургуулийн хонгилд таарсан хүүхэд бүр хэлнэ лээ.

Станц тойруулаад орон сууц барьжээ.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Э.Доржбал “Энэ ШТС-ыг анх барихад л иргэд эсэргүүцээд дийлээгүй юм билээ. Өмнө нь зай, талбайн стандарт шаардлага хангасан гэж дүгнэдэг байсан бол өнгөрсөн онд үүнийг үгүйсгэж, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших гэрчилгээг нь цуцалсан. Гэвч тус станцыг нүүлгэхгүй, үйл ажиллагааг нь зогсоохгүй байсаар жил гаруйн хугацаа өнгөрлөө. Одоо захирамжийг хэрэгжүүлэх л дутуу байна. “Шунхлай” станцыг тойроод 14 дүгээр сургуулиас гадна нийслэлийн Түргэн тусламжийн төв, “Амгалан” амаржих газар, дүүргийн халамжийн хэлтэс, ШУА зэрэг онцгой объект бий. Мөн ойрхон орон сууцын барилгуудтай. Саяхан төрөх эмнэлгийн хашаанд гал гарсан. Гал унтраах автомашин клонкийн хажуугийн нарийн замаар ороход төвөгтэй байсан” хэмээн ярив.
“ШУНХЛАЙ”-Н ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛЖЭЭ
Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд “Шингэн түлш хадгалах газар доорх сантай шатахуун түгээх станцаас сургалт, хүмүүжлийн барилга, байгууламж, дотуур байртай сургууль... эдэлбэр газрын хил буюу орон сууц, олон нийтийн барилга, байгууламжийн хана хүртэл 50 метрээс багагүй зайтай байна” гэж заажээ. Харин 2014 оноос мөрдөж буй Шатахуун түгээх станц, галын аюулгүйн нормд газар доор байрлах савтай ШТС-аас орон сууц, нийтийн барилга, олон нийтийн газар 25 метр зайтай байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хоёр стандарт нь хоорондоо зөрчилдөж буйг мэргэжилтнүүд хэлсэн. Ийм ойлголтын зөрүүтэй стандартыг нэг талд нь гаргаж, нийтээр дагаж мөрдөх шаардлага зайлшгүй тулгараад байна. 14 дүгээр сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТСын хувьд хот төлөвлөлтийн норм дүрмийн дагуу зай хэмжээ зөрчсөн гэж үзэж, улсын байцаагч дүгнэлт гаргажээ. Үүний дараа хотын дарга газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан аж. Мэдээж тус станц ашгийн төлөө байгууллага тул гар хумхиад суухгүй нь ойлгомжтой, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд асуудлыг хэлэлцүүлэхээс урьтаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны маргаан таслах зөвлөлөөр оруулах ёстой.
“Шунхлай” ийн бүтэн жил гаруй хугацаанд “гүрийсний” эцэст үнэнд гүйцэгдэв бололтой. Тодруулбал, энэ хэргийг өнгөрсөн баасан гарагт маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэвээр буюу хүчинтэйд тооцсон байна. Удахгүй тус станцын үйл ажиллагааг улсын байцаагч нар зогсоох нь. Хэдийгээр “Шунхлай”-н зүгээс 14 дүгээр сургуулийнхан өргөтгөлөө барихдаа манай бүс рүү нэвтэрсэн гэж тайлбарлаж буй ч 50 биш юм гэхэд 25 метрээсээ ч ойрхон зайд “тухалсан” нь асуудал үүсгэжээ. Хэрэв эл станцыг нүүлгэчихвэл яах аргагүй хүнээ бодсон сайн жишиг болно. Гэвч үүнээс гадна олон станц зай, талбайн стандарт зөрчсөөр байгаа. Нэг ёсондоо аюултайг нь мэдсээр байж станцын дэргэд орон сууц, үйлчилгээний төв барих зөвшөөрөл олгоод буй эрх мэдэлтнүүд хариуцлагаас мултарсаар.
Сургууль, цэцэрлэг, орон сууцад ойрхон станц барих нь ямар эрсдэл үүсгэдэг талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр “Олон нийт ихээр төвлөрсөн, барилга, байгууламж бүхий газарт байрладаг 54 ШТС-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 53-т нь зай хэмжээний зөрчил илэрсэн. Үүний дагуу шаардлага хүргүүлж, заримд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авхуулсан. Шалгалтын дүнд үндэслэн холбогдох яам, нийслэлийн Хот байгуулалт, стандарт, Газар зохион байгуулалтын газарт санал явуулсан ч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Шатахуун хэдий шатамхай бодис ч гэсэн галын аюулгүй байдлын дүрмийг чанад мөрдөж, орчин үеийн дэвшилт тоног төхөөрөмж ашиглан, эрсдэлээ бууруулж чадвал хотын төвд ч үйл ажиллагаа явуулах боломжтой. Гол нь стандарт, дүрэм журмаа чанд мөрдөх юм. Тухайлбал, Шатахуун түгээх станц, галын аюулгүй байдлын норм ба дүрэмд “ШТС нь аюул осол, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн үед хөрсөнд болон талбайд шатахуун алдагдахаас бүрэн хэмжээнд урьдчилан хамгаалсан шатахууны сав, технологийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавих, хяналтыг автоматжуулсан хэрэгслүүдийн тусламжтайгаар гүйцэтгэх техник, технологитой байхаар төлөвлөсөн бол зайг 25 хувиас ихгүй хэмжээгээр багасгаж болно” гэж заасан. Мөн тухайн шатахуун түгээх газар нь хоногт 500-гаас илүүгүй, зөвхөн суудлын автомашин цэнэглэх бол тухайн объект хүртэлх зай хэмжээг мөн 25 хувь хүртэл бууруулан төлөвлөхийг зөвшөөрдөг” гэв. Тэрбээр өндөр барилгуудыг ШТС-ын эдэлбэр газарт хэт ойртуулан, зай хэмжээний стандарт мөрдөхгүй барьж буйг шүүмжиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дэх “Цайз” захын “Шунхлай-19” станцыг тойроод Г хэлбэрийн гурван барилга бүхий орон сууц сүндэрлэж буй. Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хашаатай хаяа залгах “Содмонгол” ШТС нь эдэлбэр газраасаа 50 метр хол байх зайг хангахгүй байгаа аж. Түүнчлэн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Эрин” хорооллын оршин суугчид нийслэлийн Хяналт шалгалтын газарт байнгын гомдол ирүүлдэг гэнэ. Тус хорооллын ойролцоо “Содмонгол” ХХК-ийн шатахууны агуулах байрладаг. Оршин суугчид нь “Шатахуун үнэртээд байна, нүүлгээд өгөөч” гэх гомдол тасралтгүй ирүүлдэг ч хөрс, агаарын хор судлалын шинжилгээгээр хэвийн, зай хэмжээ нь стандартын дагуу байдаг гэх тул тус агуулахыг нүүлгэх шалтгаан олддоггүй аж. Харин шатахуун ачиж, буулгах үеэр ууршилт үүсэх тул хөвөгч дээврийг тус агуулахад байрлуулжээ. Энэ нь ууршилтын алдагдлыг 99 хувиар бууруулдаг гэнэ.

Чингэлтэй дүүрэг, Баруун дөрвөн зам
УЯЛДАА ХОЛБООГҮЙ СТАНДАРТУУД
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд Хотын стандарт ба аюулгүй амьдрах эрхийн зарим асуудлыг бүлэг болгон оруулсан юм. Үүн дотор шатахуун түгээх станцуудын асуудлыг хөнджээ. Тухайлбал, 2023 оны байдлаар нийслэлд шатахуун, дизель түлш борлуулдаг шатахуун түгээх станц 266, газын буюу хийн түлш борлуулдаг тав, бөөний 29 агуулах, нийт 455 орчим шатах, тослох материал, хийн газ борлуулдаг газар үйл ажиллагаа явуулж байна. Шатахуун түгээх станцууд худалдаа, үйлчилгээний барилга, байгууламж боловч худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарч, эргэн тойрноо эрсдэлд оруулж болзошгүй байгууламж болохыг тодотгожээ. Тухайн үеийн БШУЯ-ны мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж буйг тус тайланд дурджээ. Мөн уялдаа холбоогүй олон стандартыг нэг мөр хэрэгжүүлж чадахгүй байгааг онцолсон байна. Тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “14 дүгээр сургуулийн дэргэдэх станцын газар эзэмших эрхийг цуцалсан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж өгөөч” гэсэн гомдлын дагуу холбогдох газарт нь албан бичиг хүргүүлсэн. Хүүхдүүд олноороо сурч буй ор чинд ямар нэгэн гамшиг осол гарвал маш их эрсдэлтэй” гэлээ.
ИХЭНХ СТАНЦ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭДЭГГҮЙ
Аюулгүй ажиллагааны дүрэм баримтлаагүйн улмаас олон хүн нэг дор амиа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдгийн гашуун сургамж нь “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох хийн дэлбэрэлт. Харин бид үүнээс суралцсан уу. Өөрөөр хэлбэл, манай улсад үйл ажиллагаа явуулж буй станцууд галын аюулгүй байдлын дүрмийг хэрхэн мөрддөг бол. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээс тодруулахад “Шинээр барьсан ШТС-уудыг Улсын комисс хүлээж авахад галын байцаагч ажилладаг. Барилга эхлүүлэх, газар олгох, дулаан, эрчим хүчээр хангах гээд бүхий л зөвшөөрлийг нийслэлээс өгч байгаа. Ингэхдээ онцгой байдлын байгууллагын мэргэжилтний санал авдаггүй, өөрсдөө шийддэг. Улсын комисс хүлээж авсны дараа галын аюулгүй байдлын ямар нэг зөрчил илрүүллээ ч оройтсон байдаг. Өөрөөр хэлбэл, станц болон барилга, байгууламжийг барихаас өмнө мэргэжлийн хүнийг ажиллуулж, зөвшөөрөл олгох нь эрсдэл багатай. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу бүх станц эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстой. Гэвч ихэнх нь эл үнэлгээг хийлгэдэггүй. Газар хөдлөлтийн болон галын аюулгүй байдлыг хангах чиглэлд мэргэжлийн байгууллагаас санал авч, холбогдох дүрэм журмын дагуу ажиллах хэрэгтэй” гэв.
Хэрэв бид аюулгүй байдлын стандарт, хууль, дүрэм журмыг ягштал мөрддөг, хариуцлага тооцдог, авлига, хээл хахуулиар асуудлыг шийддэггүй, хүний эрхийг дээдэлдэг, хотоо иргэндээ ээлтэйгээ төлөвлөдөг байсан бол өнөөдөр хэн нэгэн гарцаар гарч явахдаа автомашинд дайруулж амиа алдахгүй, гэртээ даарахгүйн тулд гал түлээд угаартаж нас барахгүй, гадуур алхаж явахдаа халтирч унаад эрүүл мэндээрээ хохирохгүй, хүүхэд тоглох талбай бүү хэл, зогсоол ч үгүй байранд нэг өрөө ч болов олдвол нэгэн насны жаргал мэт сэтгэхгүй, шатахууны сав тойрч, айдастай амьдрахгүй байлаа.