Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудал ихээ хурцдаж, хүний эрхийн ноцтой зөрчлүүд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нөхцөл байдал ийн хүндэрсэн ч дарга нар “Том дүр зургаараа хот төлөвлөлт бүгдэд хэрэгтэй, хууль нь ийм юм” хэмээн хуудуутай хуулиар (2023 онд батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай) түрий барин, өнөөдөр ч иргэдийн газрыг үнэгүйдүүлж, хохироосоор байна.
Иргэдээ хохироох сонгодог хувилбар нь 2017-2019 онд өрнөсөн. Сүхбаатар дүүргийн иргэд 2017 онд нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, газраа өгч эхэлсэн. Азийн хөгжлийн банк (АХБ)-ны ГАДИП буюу Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээ, орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой урт хугацааны хөтөлбөр нь газар чөлөөлөхөд нөхөн олгох төлбөрийг гаргасан. Харамсалтай нь, хөтөлбөрийн зарим монгол ажилтан тухайн үед Сэлбэ орчмын айлуудын газрыг нэг ам.метрийг нь 60 000, Баянхошууны өрхүүдийн газрыг 45 000 төгрөгөөр үнэлэх зар тарааж, хэт бага мөнгө авахыг тулгасан байдаг. Улмаар “Тэгш Сонголт” ХХК-аас иргэдийн газар байшинд зөвшөөрөлгүй гэнэтийн үнэлгээ хийж, айлуудын 1 метр квадрат газрыг 60 000 төгрөгөөр үнэлснээс гадна хашаа байшингийн хэмжээг илт бууруулж тооцсон гэдэг. Уг үнэлгээ олон иргэнд таалагдаагүй ч, үүнийг үл хүлээн зөвшөөрч, сүүлийн мөч хүртлээ тэмцэж чадсан нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ц.Оюунтөгс юм. Тэрбээр хорооныхоо өрх бүрийн хаалгыг нэгбүрчлэн тогшиж, ажилтай, ажилгүй, хөгшин, залуу, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны доод түвшний өрхийн гишүүн гээд хэн бүхэнтэй уулзаж, дээрх шударга бус үйлдлүүдийг баталгаажуулж, өргөдөл бичүүлж авсан гэдэг.
Өрх толгойлсон эмэгтэй Ц.Оюунтөгс оюутан болсон охидынхоо сурч боловсрох жимийг даган Эрдэнэтээс нүүж, 2005 онд хотын иргэн болсон. Ингэхдээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Зургаан буудалд газар хашаа авч, 2012 онд хоёр давхар байшин барьсан гэдэг. 2017 онд байшингаа, газартай нь үнэгүйдүүлж, алдахдаа тулсан Ц.Оюунтөгс “Зургаан буудлын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах” ТББ байгуулан судалгаа хийж, УИХ-ын болоод Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлага, ИТХ-ын төлөөлөгчдөд удаа дараа захидал хүргүүлсээр газрын үнэлгээ 60 000 биш анхнаасаа 80 000 төгрөг байсныг олж мэдэв. Ингээд АХБ-ны Хариуцлагын механизмд гомдол гаргасан байна. Түүнийг АХБ-ны Хариуцлагын механизмд хяналт тавих эрхтэй хөндлөнгийн шинжээч хатагтай Вава хүлээн авч, мэдээллийг нь сонсоод “2018 оны тавдугаар сард Филиппин улсад болох АХБ-ны жилийн тайлангийн хурлын урилга өгч, Та хохирогчдыг төлөөлөн олон улсын хуралд оролцож, хүний эрхийн ноцтой зөрчлийг заавал дэлгэх ёстой” хэмээсэн байдаг. Олон улсын хурлын тов ойртоход Ц.Оюунтөгс хүнд өвджээ. Гэсэн ч тэрбээр бууж өгөхийг хүссэнгүй, өмчийн ирээдүйн эзэн буюу төрсөн охин З.Энхтуяагаа Филиппинд болох хуралд илгээж, үгээ дайж явуулсан нь амжилт олжээ.
Уг олон улсын хурлын дараа АХБ-ны төв салбараас хяналтын механизмын төлөөлөгч Монголд ирэхээр болжээ. Ингээд Ц.Оюунтөгсийн хоёр давхар байшинг нэг давхар хэмээн илт буруу үнэлснээ буцааж, бодитоор үнэлж, газрын хэмжээг ч ам.метрийг нь 80 мянгаар тооцож, бас нүүлгэх зардал 250 000, мөн нүүлгэн шилжилтийн дэмжлэгт 1.8 сая төгрөг олгохоор болсон юм. Ингээд АХБ-ныхны сонорт асуудлыг хүргэсний ачаар 2018 оны аравдугаар сараас тухайн үед эрх нь хохирч болзошгүй байсан Баянхошуу, Зургаан буудал орчмын дахин төлөвлөлтөд өртсөн иргэд үнэлгээний дагуу газраа чөлөөлж, мөнгөө тэр даруй авцгаажээ. Донор банкнаас хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүмүүсийн амьжиргааг дэмжих төсөл давхар хэрэгжүүлдэг. Ц.Оюунтөгс гомдол гаргаснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд анх удаа төсөлд хамрагдаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байрны түрээсийн дэмжлэг авч, тоног төхөөрөмжтэй болж, цөөнгүй иргэн мэргэжил олгох сургалтад сууж, зарим нь ажилтай болжээ. Мөн хамгааллын бодлого хэрэгжүүлсэн юм.
АХБ-ны хамгааллын бодлогын талаар https://www.unuudur.mn/a/262112 холбоосоор уншина уу
Ц.Оюунтөгс энэ талаар хэлэхдээ “Энэ явдлын дараа манайхаас бусад айлын мөнгө шуурхай орсон. Мөн Азийн хөгжлийн банкнаас хамгааллын бодлого явуулж, төсөл хөтөлбөр будилаантуулж, үнэлгээ буруу хийсэн зарим хүнд хариуцлага тооцсон гэж дуулдсан. Надад “Яриа хөөрөө байна уу” хэмээн нөлөөлөхийг оролдсон Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээ, орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой урт хугацааны хөтөлбөрийн төслийн нэгжийн ажилтан Б.Болормаа лав ажлаа өгсөн байсан” хэмээсэн юм.
2018 онд эрхээ хамгаалж тэмцсэн ганц өрхийн л үнэлгээний мөнгө л шуурхай ороогүй юм. Түүний хашаа байшинг зургаа хэмжиж, зургаан удаа үнэлж, залхаан цээрлүүлэлт гэмээр үйлдэл гаргасаар зургаан сарын дараа л асуудлыг шийдсэн байдаг. Эл үйлдлийг Ц.Оюунтөгс хотын холбогдох удирдлага хийгээд төслийг хэрэгжүүлэгч нэгжүүд үнэлгээний компаниудыг “базсан”-тай холбоотой хэмээн тодотгосон.
Ингээд олон улсын хяналтын механизмын төлөөлөгч ноён Вори Монголд газардахын өмнөх орой буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны үдэш тэдний нөхөх олговрын мөнгө орж, ердөө маргааш нь буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 21-ний өглөө төслийн ажилтнууд хаалгыг нь нүдэж “Та одоо нүүнэ үү” хэмээн зогсож байжээ. Ингэж Ц.Оюунтөгс цаг нь тулсан үед, хаврын хавсарганаар 20 орчим жил амьдарсан бууриа орхин, охидоо дагуулаад нулимстайгаар нүүсэн юм.
Ц.Оюунтөгс Азийн хөгжлийн банкнаас олгох үнэлгээний санхүүжилтээс завшихыг санаархсан монгол мэргэжилтнүүдийн үйлдлийг таслан зогсоохоос гадна НҮБ-Хабитат төслийн хяналтыг ч болиулсан гавьяатай. Тодруулж хэлбэл, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын асуудал хариуцсан агентлагаас газраа чөлөөлөх иргэдэд зөвлөх багийг Зургаан буудалд ажиллуулж байсан юм. Уг багийн монгол мэргэжилтнүүд чонотой нийлж, хотноосоо хонь суйлдаг нохой шиг нийслэлийнхэнтэй үгссэн үү, иргэдийг газраа хурдан чөлөөл хэмээн шахаж бүр шаарджээ. Харин Ц.Оюунтөгс гомдол гаргаснаар НҮБ-Хабитат төслөөс зөвлөх ажилтны багийг эргүүлэн татсан аж.
Өдгөө тэр өөрийн эрхээ хамгаалсан шигээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд өртөж хохирсон, хохирч болзошгүй мянга мянган хүнд зөвлөгөө өгдөг хүний эрхийн хамгаалагч болсон. Тодруулж хэлбэл, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэнэ” гэж заасан шиг хүний эрхийг нэр төртэйгөөр хамгаалсаар, дахин төлөвлөлтийн бодлогоо ил тод, шударга болгохыг төрөөс шаардсаар яваа юм.
Эцэст нь тэмдэглэхэд, өнөөдрийн байдлаар хамгийн урагштай яваа гэх Сэлбэ дэд төвд хамаарах төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 болон Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны иргэдийн эрх зөрчигдсөн хэмээх гомдол редакцад тасралтгүй ирсээр байна. АХБ-ны хөрөнгө оруулалттайгаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд нулимстай нүүдэл үргэлжилсээр байх уу.
Үргэлжлэл бий.