
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич энэ зун амалж байснаараа огцров. Тэрбээр холбогдох баримт бичигт ням гарагт гарын үсэг зуржээ.
"Шийдвэр гаргах цаг боллоо. Эрхэм иргэд ээ, өнөөдөр би огцорч байна. "Би ерөнхийлөгчийн энэ хоёр бүрэн эрхийн хугацаанд та бүхэнд үнэнч, шударга, нэр төртэй үйлчилсэн" гэж Вучич ард түмэндээ хандан хэлэв.
Сербийн телевизээр шууд үг хэлснийхээ дараа Вучич Ерөнхийлөгчийн ордны гол хаалгаар гарч, Белградын төвд байрлах цэцэрлэгт хүрээлэн рүү дэмжигчдэйгээ уулзахаар явсан байна.
BBC Сербийн албаны мэдээлснээр цэцэрлэгт хүрээлэнд "Александр бол жинхэнэ серб хүн”, "Вучич бол суут улс төрч” утга бүхий лоозон болон галт бамбар барьсан олон зуун хүн цугларсан байв.
Энэхүү огцрох шийдвэр нь ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах замыг нээж өгч байгаа ч үндсэн хуульд заасан хоёр бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан тэрбээр нэр дэвшихгүй юм.
Гэвч тэрбээр улс төрөөс гарах бодолгүй байгаа бөгөөд ерөнхий сайдад нэр дэвшихээ өмнө нь мэдэгдсэн. Энэ албан тушаалыг Вучич 2017 он хүртэл хашиж байсан юм.
А.Вучич Сербийн Ерөнхийлөгчийн албыг 2017 оны тавдугаар сарын 31-нээс хойш хашиж байгаа бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сард улиран сонгогджээ. Түүний бүрэн эрхийн хоёр дахь хугацаа 2027 оны дундуур дуусах байв.
Сербийн Ерөнхийлөгчийн үүргийг парламентын дарга Ана Брнабич түр орлон гүйцэтгэнэ.