"Кино цамхаг" студийнхэний бас нэгэн будаг нь ханхалсан шинэхэн уран бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэ бол “Хүүхэлдэй” аймшгийн кино юм.
Энэхүү кино ирэх оны нэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийх аж. Уг киног зохиолч Ц.Ууганбаярын “Хүүхэлдэй” хэмээх өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Киноны найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, зураглаачаар Б.Анхбаяр, Э.Чинзориг нар ажилласан аж. "Хүүхэлдэй" аймшгийн киноны гол дүрд жүжигчин Н. Мөнхсоёл, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Мөнгөнтулга, М.Саранцэцэг нар тогложээ
Мөн ирэх сарын 1-нд "Танхай тээгч" инээдмийн уран сайхны кино театруудын дэлгэцэнд амилахаар бэлэн болоод байна.

Амьдралд хамгийн чухал нь юу вэ? Эд хөрөнгө үү? Эд баялаг уу?
Үр хүүхэд хэмээх хэчнээн нандин байдаг, гэр бүл хүүхэдтэй болж чадахгүй болохоороо тээгч эх авахаар шийдэж, байр, машинаа зарж байгаа тухай өгүүлдэг тус кино шинэ жилийн эхний өдөр нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.
“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” киноны гол дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, жүжигчин Т.Бархүү, О.Долгор нар тоглосон байна.
М.Болор